МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

“WIPO-IPOM IP MEISTER” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

       Монгол Улсын Оюуны өмчийн газар, Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Оюуны өмчийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “WIPO-IPOM IP Meister” дижитал эдийн засагт чиглэсэн сургалт эхэллээ.

        Сургалтын үйл ажиллагааг нээж Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Академийн Удирдлага, Стратегийн төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн захирал-зөвлөх Куй Ву Квун нар үг хэлж суралцагчдад амжилт хүслээ.

      “WIPO-IPOM IP Meister” дижитал эдийн засагт чиглэсэн сургалт 2026 оны 10 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд өнөөдөр Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Механик инженерийн тэнхмийн профессор Сон-Хүн Ан, Нидерландын Вагенингений их сургуулийн судлаач, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Оюуны өмчийн бизнес хөгжлийн эксперт-ментор Доктор Чад Патрик Осорио, Оюуны өмчийн газрын шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Оргилмаа, Бүгд Найрамдах Солонгос Улсын Оюуны өмчийн стратегийн байгууллагын (KISTA) оюуны өмч ба судалгаа, хөгжүүлэлтийн зохицуулагч Сонмин Чо, тус улсын “Qrius” оюуны өмчийн хуулийн фирмийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Жонхан Ум, Энэтхэг улсын “BananaIP” зөвлөх компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нитин Найр нар оюуны өмчийн эрхийн хамгаалалтаас гадна оюуны өмчид суурилсан судалгаа хөгжүүлэлт, хиймэл оюун ухааны хэрэглээ, дижитал бизнес, арилжаалалт, технологи дамжуулалт болон олон улсын зах зээлд нэвтрэх арга зам зэрэг өргөн хүрээний асуудлаар илтгэл хэлэлцүүлнэ.

      Энэхүү сургалтын хөтөлбөр нь Монгол Улсад оюуны өмчийг засгийн эргэлтэд оруулах, энтрепренершипийг дэмжих, дижитал эдийн засгийн нөхцөлд бизнесийн өсөлт, хөгжлийг дэмжих стратегийн хэрэгсэл болгон үр дүнтэй ашиглах чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ. Мөн төрийн албан хаагчид, их, дээд сургуулийн багш, судлаачид, бизнес эрхлэгчид, оюуны өмчийн мэргэжилтнүүд болон инновацын салбарын бусад оролцогчдод судалгааны үр дүн, технологийг оюуны өмчид суурилсан бизнес болон арилжааны боломж болгон хөгжүүлэхэд шаардлагатай практик мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхийг зорьж байна.


Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос