Монгол Улсын Оюуны өмчийн газар, АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар болон АНУ-аас Монгол Улсын элчин сайдын яамны хамтарсан “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Блю Скай зочид буудлын Топаз танхимд эхэллээ.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэг 2023.09.12-ны өдрөөс 15-ны өдөр явагдах бөгөөд өнөөдрийн сургалтад Оюуны өмчийн газрын 30 албан хаагч хамрагдаж байна.
Хөтөлбөр ёсоор АНУ дахь оюуны өмчийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тус улсын Флорида мужийн Төв дүүргийн шүүхийн шүүгч Виржиниа Ковингтон, мөн мужийн Хойд дүүргийн шүүхийн шүүгч Майкл Ж.Франк нар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар АНУ-ын Аюулгүй байдлын мөрдөн шалгах албаны Бээжин дэх Бүсийн Атташейн үүргийг түр орлон гүйцэтгэгч Стивин Тимминс, АНУ-ын Аюулгүй байдлын мөрдөн шалгах албаны дэргэдэх Олон улсын Компьютерийн халдлага, оюуны өмчийн газрын тусгай төлөөлөгч Дэвид Хадгенс нар тодорхой тохиолдолд үндэслэн хичээл зааж, АНУ-ын Патент, барааны тэмдгийн газрын Олон улсын харилцаа, бодлогын албаны Хуулийн хэрэгжилтийн хэлтсийн өмгөөлөгч-хуульч Марк Абумери тус улс дахь оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар мэдээлэл өгнө.
Мөн уг сургалт, хэлэлцүүлэгт АНУ-ын Хууль зүйн яамны компьютерийн гэмт хэрэг, оюуны өмчийн газрын Тоон шинжилгээний лабораторийн цахим гэмт хэргийн шинжээч Маккензи Машке, АНУ-ын Хууль зүйн яамны Олон улсын цахим халдлага, оюуны өмчийн газрын хуульч-зөвлөх Жэймс Юүн нар оролцож байгаа бөгөөд оюуны өмчийн эрхийн хамгаалалтын чиглэлээр албан хаагчидтай харилцан мэдээлэл солилцож, туршлага судлах төдийгүй МСМ Группийн төлөөлөгч оюуны өмчийн хохирогчид үзүүлж байгаа нөлөөллийн талаар мэдээлэл өгч оролцоно.