Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн хэлэлцээр

Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн хэлэлцээр

БYТЭЭГДЭХYYНИЙ ЗАГВАРЫН ОЛОН УЛСЫН ХАДГАЛАЛТЫН ТУХАЙ ГААГИЙН ХЭЛЭЛЦЭЭР

/1960 оны 11 дүгээр сарын 28-ний Гаагийн акт/
1 дүгээр зүйл
(1) Хэлэлцэн тохирогч Улсууд Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын талаар Тусгай Холбоо байгуулна.
(2) Зөвхөн Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах олон улсын холбооны гишүүн Улсууд энэ Хэлэлцээрт Оролцогч тал болж болно.

2 дугаар зүйл
Энэ Хэлэлцээрийн хүрээнд:

“1925 оны хэлэлцээр” гэдэгт 1925 оны 11 дүгээр сарын 6-ны бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн хэлэлцээрийг;

“1934 оны хэлэлцээр” гэдэгт 1934 оны 6 дугаар сарын 2-нд Лондонд хянан засамжилсан 1925 оны 11 дүгээр сарын 6-ны Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн хэлэлцээрийг;

“энэ Хэлэлцээр” буюу “энэхүү Хэлэлцээр” гэдэгт энэхүү баримт бичгээр байгуулсан Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн хэлэлцээрийг;

“Заавар” гэдэгт энэ Хэлэлцээрийг хэрэгжүүлэх зааврыг;

“Олон улсын товчоо” гэдэгт Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах олон улсын холбооны Товчоог;

“олон улсын хадгалалт” гэдэгт Олон улсын товчоонд хийсэн хадгалалтыг;

“үндэсний хадгалалт” гэдэгт хэлэлцэн тохирогч Улсын үндэсний байгууллагад хадгалалт хийхийг;

“нэгдмэл хадгалалт” гэдэгт хэд хэдэн загвар хамруулсан хадгалалтыг;

“олон улсын хадгалалтын гарлын Улс” гэдэгт мэдүүлэг гаргагчийн бодит ба үр ашиг бүхий үйлдвэрлэлийн буюу худалдааны байгууллага байгаа Улсыг эсвэл хэрэв мэдүүлэг гаргагч нь хэлэлцэн тохирогч хэд хэдэн Улсад тийм байгууллагатай бол мэдүүлэгтээ заасан хэлэлцэн тохирогч Улсыг; хэрэв мэдүүлэг гаргагч нь хэлэлцэн тохирогч аль ч Улсад тийм байгууллагагүй бол түүний оршин суудаг хэлэлцэн тохирогч Улсыг, хэрэв мэдүүлэг гаргагч нь хэлэлцэн тохирогч аль нэг Улсад оршин суудаггүй бол түүний иргэний харъяалалын хэлэлцэн тохирогч Улсыг;

“шинэлэгийг тогтоох шүүлт хийдэг Улс” гэдэгт үндэсний Байгууллага нь хадгалуулж буй загвар бүрт урьдчилсан хайлт ба шүүлт хийдэг систем тогтоосон үндэсний хууль бүхий хэлэлцэн тохирогч Улсыг тус тус ойлгоно.

3 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч Улсуудын иргэд ба хэлэлцэн тохирогч аль нэг Улсын иргэн бус боловч хэлэлцэн тохирогч Улсын нутаг дэвсгэрт бодит ба үр ашиг бүхий үйлдвэрлэлийн буюу худалдааны байгууллагатай буюу оршин суудаг этгээд Олон улсын товчоонд загвар хадгалуулж болно.

4 дүгээр зүйл

(1) Олон улсын хадгалалтыг Олон улсын товчоонд:

1. шууд,

2. хэрэв хэлэлцэн тохирогч Улсын хуулиар зөвшөрөгдсөн бол тухайн Улсын үндэсний Байгууллагаар уламжлан хийж болно.

(2) Хэлэлцэн тохирогч аль ч Улсын үндэсний хуулинд тус улс нь олон улсын хадгалалтын гарлын Улс байх тохиолдолд хадгалалтыг үндэсний Байгууллагаар уламжлан хийхийг шаардаж болно. Энэ шаардлагыг мөрдөөгүй байх нь хэлэлцэн тохирогч бусад Улсад хийгдсэн олон улсын хадгалалтад нөлөөлөхгүй.

 

5 дугаар зүйл

 

(1) Олон улсын хадгалалт нь мэдүүлэг, загварын нэг буюу түүнээс дээш гэрэл зураг эсвэл график дүрсээс бүрдэх бөгөөд Заавраар тогтоосон хураамжийн төлбөр хийсэн байна.

(2) Мэдүүлэг нь:

1. мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр олон улсын хадгалалт үйлчлэх хэлэлцэн тохирогч Улсуудын нэрсийг жагсаалтыг;

2. загварыг эрэгжүүлэхээр товлож буй бүтээгдэхүүн буюу бүтээгдэхүүнүүдийг заалтыг;

3. хэрэв мэдүүлэг гаргагч 9 дүгээр зүйлд зааснаар давамгайлах огноо мэдүүлэхээр хүсвэл давамгайлах эрх үүсгэх хадгалалтын огноо, Улс, дугаарын заалтыг;

4. Заавраар тогтоосон бусад мэдээллийг тус тус агуулна.

(3) (a) Түүнчлэн мэдүүлэг нь:

1. загварын онцлог шинж чанарын товч тодорхойлолтыг;

2. загварын зохион бүтээгч хэн болох тухай мэдэгдлийг;

3. 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтлэлийг хойшлуулах тухай хүсэлтийг тус тус агуулсан байж болно.

(б) Загварыг хэрэгжүүлсэн бүтээгдэхүүн буюу бүтээгдэхүүнүүдийг эсвэл тэдгээрийн загварыг мэдүүлэгт хавсаргаж болно.

(4) Нэгдмэл хадгалалт нь 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад дурдсан Загварын олон улсын ангилалын нэг ангилалд хамаарах бүтээгдэхүүнүүдэд хэрэгжүүлж болох хэд хэдэн загварыг агуулж болно.

 

6 дугаар зүйл

 

(1) Олон улсын товчоо нь загварын олон улсын бүртгэл хөтөлж түүнд олон улсын хадгалалтыг бүртгэнэ.

(2) Олон улсын хадгалалтыг Олон улсын товчоо нь зохих ёсоор үйлдсэн мэдүүлэг, мэдүүлгийн хамт төлөх хураамж, загварын гэрэл зураг буюу гэрэл зургууд эсвэл график дүрсийг хүлээн авсан өдөр буюу хэрэв Олон улсын товчоо нь эдгээрийг өөр өдрүүдэд хүлээн авсан бол сүүлчийн хүлээн авсан өдөр хийсэнд тооцно. Бүртгэлийг мөн энэ өдрөөр хийнэ.

(3) (a) Олон улсын товчоо нь олон улсын хадгалалт бүрийн талаар:

1. хадгалуулсан гэрэл зураг буюу график дүрсийн хар цагаан буюу хэрэв мэдүүлэг гаргагч хүсвэл өнгөт хуулбар;

2. олон улсын хадгалалтын огноо;

3. Заавраар тогтоосон бусад мэдээллийг тогтмол хэвлэлд тус тус нийтлэнэ.

(б) Олон улсын товчоо нь уг тогтмол хэвлэлийг аль болох богино хугацаанд үндэсний Байгууллагуудад илгээнэ.

(4) (a) Мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр (3) дахь хэсгийн (a)-д дурдсан нийтлэлийг түүний хүссэн хугацаагаар хойшлуулна. Энэ хугацаа нь олон улсын хадгалалтын огнооноос эхлэн 12 сараас хэтэрч үл болно. Харин давамгайлах эрх хүссэн тохиолдолд энэ хугацааг давамгайлах огнооноос эхлэн тооцно.

(б) Мэдүүлэг гаргагч нь (a)-д заасан хугацаанд хэдийд ч нийтлэл даруй хийхийг хүсэлт болгох буюу хадгалалтыг буцаан авч болно. Хадгалалтыг хэлэлцэн тохирогч нэг буюу зөвхөн зарим Улсын хувьд, нэгдмэл хадгалалт хийсэн тохиолдолд зөвхөн зарим загварын хувьд буцаан авч болно.

(в) Хэрэв мэдүүлэг гаргагч (a)-д заасан хугацаанд төлвөл зохих хураамжийг төлөөгүй бол Олон улсын товчоо хадгалалтыг хүчингүй болгож 3 дахь хэсгийн (a)-д заасан нийтлэлийг хэрэгсэхгүй болгоно.

(г) Олон улсын товчоо нь нийтлэлийг нь хойшлуулах нөхцлөөр хийгдсэн хадгалалтын бүртгэлийг (a)-д заасан хугацаа дуустал нууц байлгах бөгөөд ийнхүү хадгалалтад холбогдох аливаа баримт буюу бүтээгдэхүүнийг нийтийн хүртээл болгохгүй. Заасан хугацаа дуусахаас өмнө мэдүүлэг гаргагч хадгалалтаа хүчингүй болгосон тохиолдолд ч эдгээр заалтыг хугацааны хязгаарлалгүйгээр хэрэглэнэ.

(5) Дөрөв дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд Бүртгэл болон Олон улсын товчоонд мэдүүлсэн баримт бичиг болон бүтээгдэхүүн нь олон нийт танилцахад нээлттэй байна.

 

7 дугаар зүйл

 

(1) (a) Олон улсын товчоонд бүртгүүлсэн хадгалалт нь мэдүүлэг гаргагчийн мэдүүлэгтээ заасан хэлэлцэн тохирогч Улс бүрт тухайн улсын үндэсний хуулиар эрхийн хамгаалалт олгох бүх шаардлагыг мэдүүлэг гаргагч хангасан, үндэсний Байгууллага нь энэ талаар захиргааны бүхий л шаардагдах үйлдлийг гүйцэтгэсэнтэй нэгэн адил үйлчлэх болно.

(б) Олон улсын товчоонд бүртгүүлсэн хадглалтад хамрагдах загварыг хамгаалах асуудлыг 11 дүгээр зүйлд заасныг харгалзан хэлэлцэн тохирогч Улс бүрт үндэсний хадгалалтад үндэслэн хамгаалалт хийлгэх хүсэлт гарч холбогдох бүхий л шаардлага болон захиргааны үйлдлийг хэрэгжүүлж гүйцэтгэсэн загварын хувьд хэрэглэгдэх тухайн Улсын үндэсний хуулийн заалтуудаар зохицуулна.

(2) Гарлын Улсын хуулиар ийнхүү тогтоосон бол олон улсын хадгалалт нь тухайн Улсад үйлчлэхгүй.

 

8 дугаар зүйл

 

(1) Хэлэлцэн тохирогч Улсын үндэсний хуулинд үндэсний Байгууллага нь захиргааны шүүлт буюу гуравдагч этгээдийн эсэргүүцлийн үндсэн дээр эрхийн хамгаалалт олгохоос татгалзаж болохоор заасан бол ийнхүү татгалзсан тохиолдолд үндэсний Байгууллага нь 7 дугаар зүйлд заасныг үл харгалзан тухайн загвар нь 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан захиргааны болон бусад шаардлагаас өөр тухайн Улсын үндэсний хуулийн шаардлагыг хангахгүй байгааг зургаан сарын дотор Олон улсын товчоонд мэдэгдэнэ. Хэрэв зургаан сарын дотр татгалзсан тухай мэдэгдээгүй бол олон улсын хадгалалт нь тухайн Улсад уг хадгалалтын огнооноос эхлэн хүчин төгөлдөр болно. Харин шинэлэгийн талаар шүүлт хийдэг хэлэлцэн тохирогч Улсад үндэсний хуувиар нь үндэсний Байгууллагад хийгдсэн хадгалалтад түрүү огноо олгохоор заагаагүй бол олон улсын хадгалалт нь 6 сарын дотор татгалзсан тухай мэдэгдээгүй тохиолдолд давамгайлах эрхээ хадгалан уг хугацаа дууссанаас эхлэн хүчин төгөлдөр болно.

(2) Нэг дэх хэсэгт заасан 6 сарын хугацааг үндэсний Байгууллага олон улсын хадгалалтын бүртгэлийн тухай нийтэлсэн тогтмол хэвлэлийг хүлээн авсан өдрөөс эхлэн тооцно. Yндэсний байгууллага нь хүсэлт гаргасан аливаа этгээдэд энэ огноог мэдэгдэнэ.

(3) Мэдүүлэг гаргагч нь нэг дэх хэсэгт дурдсан үндэсний Байгулулагын татгалзсан шийдвэрийн талаар загвараа тэрхүү Байгууллагад хадгалуулсантай адил нөхцөлөөр гомдол гаргах эрхтэй. Ямар ч тохиолдолд татгалзсан шийдвэрийн талаар дахин шүүлт хийлгэхийг хүсэх буюу гомдол гаргаж болно. Татгалзсан шийдвэрийн тухай мэдэгдэлд:

1. загвар нь үндэсний хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж шийдвэр гаргасан үндэслэл;

2. хоёр дахь хэсэгт заасан огноог;

3. дахин шүүлт хийлгэхийг хүсэх буюу гомдол гаргаж болох хугацааг;

4. ийнхүү хүсэлт буюу гомдол гаргах байгууллагыг тус тус заана.

(4) (a) Нэг дэх хэсэгт дурдсантай ижил, загварын зохион бүтээгч нь хэн болох тухай мэдэгдэл буюу загварын тодорхойлолт байхыг шаардсан заалт бүхий үндэсний хуультай хэлэлцэн тохирогч Улсын үндэсний Байгууллага нь мэдүүлэг гаргагчид хүсэлт тавьж ийнхүү хүсэлт илгээсэн өдрөөс 60-аас доошгүй хоногийн дотор:

1. загварын зохион бүтээгч хэн болох тухай мэдэгдэл;

2. загварын гэрэл зураг буюу график дүрсэд харуулсан үндсэн онцлог шинжийг тайлбарласан товч тодорхойлолтыг Олон улсын товчоонд гаргасан мэдүүлгийн хэл дээр тус тус ирүүлэхийг шаардаж болно.

(б) Yндэсний Байгууллага нь ийм мэдэгдэл буюу тодорхойлолт гаргах эсвэл тэдгээрийг нийтлэхэд хураамж авахгүй.

(5) (а) Нэг дэх хэсэгт дурдсантай ижил заалт бүхий үндэсний хуультай хэлэлцэн тохрогч аливаа Улс нь энэ тухайгаа Олон улсын товчоонд мэдэгдэнэ.

(б) Хэрэв хэлэлцэн тохирогч Улс нь хууль тогтоомжийнхоо дагуу загварыг хамгаалах хэд хэдэн системтэйгийн нэгийнх нь дагуу шинэлэгийг тогтоох шүүлт бол шинэлэгийн талаар шүүлт хийдэг Улсуудад хамаарах энэ Хэлэлцээрийн заалтуудыг зөвхөн тэр нэг системийн хувьд хэрэглэнэ.

 

9 дүгээр зүйл

 

Загварын олон улсын хадгалалтыг, мөн загварыг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах олон улсын холбооны гишүүн Улсад анх хадгалуулснаас хойш 6 сарын дотор хийж, олон улсын хадгалалтад давамгайлах эрхийг хүссэн тохиолдолд давамгайлах огноог тэрхүү анхны хадгалалтын огноогоор тогтооно.

 

10 дугаар зүйл

 

(1) Заавраар тогтоосон хугацаа сунгуулах хураамжийг ээлжит таван жилийн хугацааны сүүлчийн жилд багтаан төлж олон улсын хадгалалтын хугацааг тав таван жилээр сунгуулж болно.

(2) Заавраар тогтоосон нэмэгдэл хураамжийг төлсөн нөхцөлд олон улсын хадгалалтыг сунгуулахад 6 сарын хөрнгөлөлтийн хугацаа олгоно.

(3) Хугацаа сунгуулах хураамжийг төлөх үед олон улсын хадгалалтын дугаарыг, мөн хадгалалтын хугацаа дуусах гэж буй бүх хэлэлцэн тохирогч Улсын хувьд хугацааг сунгуулахгүй байх тохиолдолд хугацааг сунгуулах хэлэлцэн тохирогч Улсуудыг тус тус заана.

(4) Нэгдмэл хадгалалтад хамаарах зөвхөн зарим загварын хувьд хугацаа сунгуулж болно.

(5) Олон улсын товчоо нь хугацаа сунгуулсныг бүртгэж энэ тухай нийтлэнэ.

 

11 дүгээр зүйл

 

(1) (a) Олон улсын хадгалалт бүхий загварын хувьд хэлэлцэн тохирогч улсад олгосон хамгаалалтын хугацаа нь:

1. хэрэв хадгалалтын хугацааг сунгуулсан бол олон улсын хадгалалтын огнооноос эхлэн арван жилээс;

2. хадгалалтын хугацааг сунгуулаагүй бол олон улсын хадгалалтын огнооноос эхлэн таван жилээс доошгүй байна.

(б) Харин шинэлэгийн талаар шүүлт хийдэг хэлэлцэн тохирогч улсын үндэсний хуулийн дагуу хамгаалалт нь олон улсын хадгалалтынхаас хойших огнооноос эхэлдэг бол (a)-д заасан доод хугацааг тухайн Улсад хамгаалалт эхлэх огнооноос тооцно. Олон улсын хадгалалтыг сунгуулаагүй буюу зөвхөн нэг удаа сунгуулах явдал нь ийнхүү тогтоосон хамгаалалтын доод хугацаанд нөлөөлөхгүй.

(2) Хэлэлцэн тохирогч Улсын үндэсний хуулиар үндэсний хадгалалт бүхий загварыг хамгаалах хугацаа нь сунгуулсан буюу сунгуулаагүй ч 10 жилээс илүү байх тохиолдолд тухайн улсад олон улсын хадгалалт бүхий загварыг олон улсын хадгалалтын болон түүний хугацааг сунгасны үндсэн дээр мөн тэр хугацаанд хамгаална.

(3) Хэлэлцэн тохирогч Улс нь үндэсний хуулиараа олон улсын хадгалалт бүхий загварыг хамгаалах хугацааг (1) дэх хэсэгт заасан хугацаагаар хязгаарлаж болно.

(4) Хэлэлцэн тохирогч Улсын үндэсний хуулинд олон улсын хадгалалтын хугацаа дууссанаас хойш хамгаалалт үргэлжилнэ гэж заагаагүй бол тухайн Улсад хамгаалалт нь (1) дэх хэсгийн (б)-д заасныг харгалзан олон улсын хадгалалтын хугацаа дууссан өдрөөс үйлчлэхээ болино.

 

12 дугаар зүйл

 

(1) Олон улсын товчоо нь хүчин төгөлдөр олон улсын хадгалалт бүхий загварын эзэмшигч өөрчлөгдсөнийг бүртгэж энэ тухай нийтлэнэ. Хэлэлцэн тохирогч зөвхөн нэг буюу зарим Улсын хувьд болон нэгдмэл хадгалалтын тохиолдолд түүнд хамрагдах зөвхөн зарим загварын хувьд олон улсын хадгалалтаас үүсэх эрхийн эзэмшигч нь өөрчлөгдөж болно гэж ойлгоно.

(2) Нэг дэх хэсэгт дурдсан бүртгэл нь хэлэлцэн тохирогч Улсын үндэсний байгууллагад хийгдсэн бүртгэлтэй нэгэн адил үйлчилнэ.

 

13 дугаар зүйл

 

(1) Олон улсын хадгалалтын эзэмшигч нь Олон улсын товчооны нэр дээр мэдэгдэл ирүүлснээр хэлэлцэн тохирогч бүх буюу зөвхөн зарим Улсын хувьд болон нэгдмэл хадгалалтын тохиолдолд түүнд хамрагдах зөвхөн зарим загварын хувьд өөрийн эрхээсээ татгалзаж болно.

(2) Олон улсын товчоо нь энэхүү мэдэгдлийг бүртгэж энэ тухай нийтлэнэ.

 

14 дүгээр зүйл

 

(1) Хэлэлцэн тохирогч аль ч Улс хамгаалалт олгох нөхцөл болгож загварыг хэрэгжүүлсэн бүтээгдэхүүн дээр загварын хадгалалт хийгдсэн тухай тэмдэг буюу тэмдэглэл тавихыг шаардаж болохгүй.

(2) Хэлэлцэн тохирогч Улсын үндэсний хуувиар бүтээгдэхүүн дээр ямар нэг өөр зорилгоор тэмдэг тавьж байхаар заасан тохиодолд тэр Улс нь загварын эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээрнийтэд гаргасан бүх бүтээгдэхүүн буюу тэдгээрийн шошго дээр олон улсын загварын тэмдэглэл тавьсныг уг шаардлагыг хангасан гэж үзнэ.

(3) Олон улсын загварын тэмдэглэл нь D /дугуй доторх том D үсэг/ гэсэн тэмдгээс бүрдэхийн зэрэгцээ:

1. олон улсын хадгалалтын он ба хадгалуулагчийн нэр буюу товчилсон нэрийг эсвэл

2. олон улсын хадгалалтын дугаарыг тэмдэглэн дагалдуулсан байна.

(4) Бүтээгдэхүүн буюу шошго дээр олон улсын загварын тэмдэглэл тавьсан байх нь л аливаа байдлаар зохиогчийн эрхийн буюу аливаа бусад хамгаалалтаас тагалзсан гэдэгт, харин тэмдэглэл тавиагүй тохиодолд ийнхүү хамгаалалтыг хүсэлт болгож болно гэдэгт үзэхгүй.

 

15 дугаар зүйл

 

(1) Заавраар тогтоосон хураамж нь:

1. Олон улсын товчоонд төлөх хураамж;

2. Мэдүүлэг гаргагчийн заасан хэлэлцэн тохирогч Улсад төлөх хураамж:

(a) хэлэлцэн тохирогч Улс бүрт төлөх хураамж;

(б) шинэлэгийн талаар шүүлт хийсний хураамж авдаг хэлэлцэн тохирогч Улс бүрт төлөх хураамжаас тус тус бүрдэнэ.

(2) Нэг ижил загварын хувьд хэлэлцэн тохирогч Улсад (1) дэх хэсгийн 2 дахь заалтын (a)-д заасны дагуу төлсөн аливаа хураамжийн дүнг хэрэв (1) дэх хэсгийн 2 дахь заалтын (б)-д дурдсан хураамжийг мөн Улсад төлөх бол уг хураамжийн дүнгээс хасна.

 

16 дугаар зүйл

 

(1) Хэлэлцэн тохирогч Улсуудад төлөх 15 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 2 дахь заалтад дурдсан хураамжийг Олон улсын товчоо хуримтлуулж жил бүр мэдүүлэг гаргагчийн заасан хэлэлцэн тохирогч Улсуудад хувиарлан төлнө.

(2) (a) хэлэлцэн тохирогч аливаа Улс олон улсын хадгалалтын хувьд гарлын Улс болох хэлэлцэн тохирогч бусад Улсыг 15 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 2 дахь заалтын (а)-д дурдсан нэмэгдэл хураамж авах эрхээсээ татгалзахад мөн ийнхүү татгалзаж буй тухайгаа Олон улсын товчоонд мэдэгдэж болно.

(б) Энэхүү Улс нь олон улсын хадгалалтын хувьд өөрөө гарлын Улс болох тохиолдолд мөн ийнхүү татгалзаж болно.

 

17 дугаар зүйл

 

Заавар нь энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдох зүйл, заатуудыг тогтооно. Тухайлбал:

1. хадгалалтын мэдүүлгийг үйлдэх хэл, хувь, мэдүүлэгт тусгах өгөгдөхүүн;

2. Олон улсын товчоо, улсуудад төлөх хураамжийн төлбөрийн дүн, огноо, хэлбэр, мөн шинэлэгийн талаар шүүлт хийдэг хэлэлцэн тохирогч Улсад ноогдох хураамжийн хязгаар;

3. Хадгалуулсан загвар бүрийн гэрэл зураг буюу бусад график дүрсийн тоо, хэмжээ ба бусад шалгуур;

4. Загварын онцлог шинжийн тодорхойлолтын хэмжээ;

5. Загварыг хэрэгжүүлсэн бүтээгдэхүүний үлгэр буюу загварыг мэдүүлэгт хавсаргаж болох нөхцөл, хязгаарлалт;

6. Нэгдмэл хадгалалтад хамруулж болох загварын тоо болон нэгдмэл хадгалалтад холбогдох бусад нөхцөл;

7. 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн (a)-д дурдсан тогтмол хэвлэлийг нийтлэх, тараахтай холбогдох бүх асуудал, түүнчлэн уг хэвлэлийг үндэсний Байгууллагуудад үнэ төлбөргүй тараах болон үнэ хямдруулан худалдаж болох хувийн тоо хэмжээ;

8. хэлэлцэн тохирогч Улсууд 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу татгалзсан тухайгаа мэдэгдэх журам, энэ тухай мэдэгдлийг олон улсын товчоо хүлээн авах ба нийтлэх журам;

9. Олон улсын товчоо 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу загварын эзэмшигч өөрчлөгдсөнийг, 13 дугаар зүйлд заасны дагуу эрхээсээ татгалзсаныг бүртгэх ба нийтлэх журам;

10. Хугацаа сунгах боломжгүй болсон хадгалалтад хамаарах баримт бичиг болон бүтээгдэхүүнийг буцааж тараах зэрэг болно.

18 дугаар зүйл

 

Энэхүү Хэлэлцээрийн заалтууд нь хэлэлцэн тохирогч Улсын үндэсний хуувиар олгож болох аливаа давуу хамгаалалт хүсэхийг үгүйсгэхгүй бөгөөд зохиогчийн эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенцийн дагуу урлагийн ба хавсарга урлагийн бүтээлд бүртээсэн хамгаалалтыг аливаа байдлаар хөндөхгүй.

 

19 дүгээр зүйл

 

Энэхүү Хэлэлцээрийн дагуу Олон улсын товчоо үйлчилгээ үзүүлсний хураамжийг:

(a) Олон улсын загварын бүх зардал болон Олон улсын загварын хорооны хурал буюу энэхүү Хэлэлцээрийг хянан засамжлах Бага хурлыг бэлтгэж явуулахад шаардагдах бүх зардлыг нөхөж болох;

(б) 20 дугаар зүйлд дурдсан нөөцийн санг хадгаламжилж болох хэмжээгээр тогтооно.

 

20 дугаар зүйл

 

(1) Нөөцийн санд 250.000 щв.франк байна. Нөөцийн сангийн хэмжээг 21 дүгээр зүйлд зааснаар Олон улсын загварын хороо өөрчилж болно.

(2) Нөөцийн санг Олон улсын загварын албаны орлогын илүүгээс нөхөн бүрдүүлнэ.

(3) (a) Харин энэхүү Хэлэлцээр хүчин төгөлдөр болох үед нөөцийн санг хэлэлцэн тохирогч Улс бүр Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт тодорхойлсон тухайн улс хамаарагдах ангилалд тохирох нэгжийн тоонд харьцуулан тогтоосон хэмжээгээр төлөх нэг удаагийн төлбөрөөс бүрдүүлнэ.

(б) Энэхүү Хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа түүнд оролцогч тал болсон Улс нь мөн нэг удаагийн төлбөр төлнө. Энэ төлбөрийн хэмжээг өмнөх хэсэгт тодорхойлсон зарчмын дагуу тогтоох бөгөөд энэхүү Хэлэлцээрт хэдийд оролцогч тал болсныг үл харгалзан бүх Улсууд нэг нэгжид тохирох ижил хэмжээний төлбөр төлнө.

(4) Нөөцийн сангийн хэмжээ нь тогтоосон хэмжээнээсээ илүү гарвал илүүдлийг хэлэлцэн тохирогч Улсуудад тэдгээрийн төлсөн нэг удаагийн төлбөрийн харьцаагаар уг төлбөрийн хэмжээнд хүртэл тухай бүр хуваарьлан тараана.

(5) Олон улсын загварын хороо нь нэг удаагийн төлбөрүүдийг бүрэн нөхөн олгож дууссан тохиодолд цаашид энэхүү Хэлэлцээрт оролцогч тал болох Улсуудаас нэг удаагийн төлбөр төлөхийг шаардахгүй байхаар шийдвэрлэж болно.

 

21 дүгээр зүйл

 

(1) Хэлэлцэн тохирогч Улсуудын төлөөлөгчдөөс бүрдсэн Олон улсын загварын хороо байгуулна.

(2) Хороо нь дараах эрх, үүрэгтэй:

1. өөрийн дотоод журмыг боловсруулах;

2. Зааварт нэмэлт, өөрчлөлт оруулах;

3. 20 дугаар зүйлд дурдсан нөөцийн сангийн хэмжээг шинэчлэх;

4. Олон улсын загварын ангилал бий болгох;

5. энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хянан өөрчилж болох асуудлыг судлах;

6. загварын олон улсын хамгаалалтын талаарх бусад асуудлыг судлах;

7. Олон улсын товчооны жилийн тайланг хэлэлцэн баталж, энэхүү Хэлэлцээрийн дагуу Олон улсын товчооны гүйцэтгэх үүргийн талаар ерөнхий заавар, зөвлөмж өгөх;

8. Олон улсын товчооны дараах 3 жилийн хугацааны зардлын талаар урьдчилсан тайлан бэлтгэх.

(3) Хорооны шийдвэрийг 2 дахь хэсгийн 1, 2, 3, 4 дүгээр заалтад заасан тохиолдолд Хороонд оролцож буй буюу төлөөлүүлж буй гишүүдийн тавны дөрвийн олонхийн саналаар, бусад тохиолдолд энгийн олонхийн саналаар тус тус батална. Түдгэлзсэнийг санал өгсөнд тооцохгүй.

(4) Хороо нь Олон улсын товчооны Захиралын зарласнаар:

1. гурван жилд нэгээс доошгүй удаа;

2. хэлэлцэн тохирогч Улсуудын гуравны нэгийн шаардлагаар буюу Олон улсын товчооны Захирал буюу Швейцарийн Холбооны улсын Засгийн газрын санаачилгаар аль ч үед хуралдана.

(5) Хорооны гишүүдийн замын зардал, байр хоногийн зардлыг тэдгээрийн Засгийн газар хариуцна.

 

22 дугаар зүйл

 

(1) Зааварт нэмэлт өөрчлөлтийг 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын дагуу Хорооны зүгээс эсвэл энэ зүйлийн 2 дахь хэсэгт тогтоосон бичгээр үйлдэх журмын дагуу оруулж болно.

(2) Бчигээр үйлдэх журмаар нэмэлт, өөрчлөлт оруулахыг Олон улсын товчооны Захирал хэлэлцэн тохирогч Улс бүрийн Засгийн газарт захидал илгээж санал болгоно. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд хэлэлцэн тохирогч аль нэг Улс татгалзахгүй бол нэмэлт өөрчлөлтийг баталсанд тооцно.

 

23 дугаар зүйл

 

(1) Энэхүү Хэлэлцээр нь 1961 оны 12 дугаар сарын 31 хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байна.

(2) Yүнийг соёрхон баталж батламж жуух бичгийг Нидерландын Засгийн газарт хадгалуулна.

 

24 дүгээр зүйл

 

(1) Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зураагүй Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Олон улсын холбооны гишүүн Улсууд түүнд нэгдэн орж болно.

(2) Ийнхүү нэгдэн орж буйг дипломат шугамаар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газарт, түүгээр уламжлан хэлэлцэн тохирогч бусад Улсын Засгийн газарт мэдэгдэнэ.

 

25 дугаар зүйл

 

(1) Хэлэлцэн тохирогч Улс бүр бүтээгдэхүүний загварыг хамгаалах нөхцөл бүрдүүлэх, өөрийн үндсэн хуулийн дагуу энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээ авах үүрэг хүлээнэ.

(2) Хэлэлцэн тохирогч Улс нь батламж жуух бичиг буюу нэгдэх орох тухай баримт бичгээ хадгалуулах үед үндэсний хуулийнхаа дагуу энэхүү Хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх чадвартай байх ёстой.

 

26 дугаар зүйл

 

(1) Энэхүү Хэлэлцээр нь түүнийг байгуулсан өдөрт 1925 буюу 1934 оны Хэлэлцээрүүдэд оролцогч тал бус дөрвөөс цөөнгүй Улсын, нийт арван батламж жуух бичиг буюу нэгдэн орох тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн тухай мэдэгдлийг Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хэлэлцэн тохирогч Улсуудад илгээсэн өдрөөс хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно.

(2) Цаашид батламж жуух бичиг ба нэгдэн орох тухай баримт бичгийг хадгалуулсан тухайг хэлэлцэн тохирогч Улсуудад Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар мэдэгдэж байна. Ийнхүү соёрхон баталсан болон нэгдэн орсон нь, нэгдэн орсон тохиолдолд нэгдэн орох тухай баримт бичигт хожмын өдөр заагаагүй бол тухайн мэдэгдлийг илгээсэн өдрөөс хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно.

 

27 дугаар зүйл

 

Хэлэлцэн тохирогч аливаа Улс гадаад харилцааных нь тухайд хариуцлага хүлээж буй бүх буюу зарим нутаг дэвсгэрийн хувьд энэхүү Хэлэлцээр мөн үйлчлэх тухайг Швейцарийн Холбооны Улсын Засгийн газарт хэдийд ч мэдэгдэж болно. Улмаар Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар ийнхүү мэдэгдсэн тухай хэлэлцэн тохирогч Улсуудад мэдээлэх бөгөөд энэхүү Хэлэлцээр нь тухайн мэдэгдэлд хожмын өдөр заагаагүй бол Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хэлэлцэн тохирогч Улсуудад мэдээлэл илгээсэн өдрөөс хойш нэг сарын дараа тухайн нутаг дэвсгэрийн хувьд үйлчлэх болно.

 

28 дугаар зүйл

 

(1) Хэлэлцэн тохирогч аливаа Улс Швейцарийн холбооны улсын Засгийн газарт мэдэгдэл илгээж өөрийн нэрийн болон 27 дугаар зүйлийн дагуу мэдэгдэлд заасан бзх буюу зарим нутаг дэвсгэрийн нэрийн өмнөөс энэхүү Хэлэлцээрийг цуцалж болно. Энэхүү мэдэгдэл нь Швейцарийн ХОлбооны Улсын Засгийн газар түүнийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа үйлчлэх болно.

(2) Ийнхүү цуцлах нь хэлэлцэн тохирогч аливаа Улсыг энэхүү Хэлэлцээрийн дагуу цуцалсан өдрөөс өмнө Олон улсын товчоонд хадгалуулсан загварын хувьд хүлээсэн үүргээс нь чөлөөлөхгүй.

 

29 дүгээр зүйл

 

(1) Загварын олон улсын хадгалалтаас үүсэх хамгаалалтыг боловсронгуй болгоход чиглэгдсэн нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор энэхүү Хэлэлцээрийг үе үе хянан өөрчлөхөөр авч үзнэ.

(2) Хянан өөрчлөх бага хурлыг Олон улсын загварын хорооны буюу хэлэлцэн тохирогч Улсуудын тэн хагасаас багагүй хэсгийн хүсэлтээр хуралдуулна.

 

30 дугаар зүйл

 

(1) Хэлэлцэн тохирогч хоёр буюу түүнээс дээш Улсууд мэдэгдэлдээ заасан нөхцөлийн дагуу:

1.тэдгээрийн үндэсний байгууллагыг нэг Байгууллага төлөөлөх;

2.тэдгээр нь энэхүү Хэлэлцээрийн 2-17 дугаар зүйлийн хувьд нэг Улс гэж тооцогдох тухайгаа Швейцарийн Холбооны Улсын Засгийн газарт хэдийд ч мэдэгдэж болно.

(2) Энэхүү мэдэгдэл нь Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хэлэлцэн тохирогч бусад Улсуудад энэ тухай мэдээлэл илгээсэн өдрөөс хойш зургаан сар болохоос өмнө үйлчлэхгүй.

 

31 дүгээр зүйл

 

(1) Зөвхөн энэхүү Хэлэлцээрийг л энэхүү Хэлэлцээрт болон 1925 оны буюу 1934 оны хэлэлцээрт нэгэн зэрэг оролцогч талууд болох Улсууудын хоорондын харилцааны хувьд ганцаар нь хэрэглэнэ. Харин эдгээр Улсуудын хоорондын харилцааны хувьд энэхүү Хэлэлцээрийг хэрэглэж эхэлсэн өдрөөс өмнө Олон улсын товчоонд хадгалуулсан загварын талаарх хоорондын харилцаанд тухайн байдлыг харгалзан 1925 оны буюу 1934 оны хэлэлцээрийг хэрэглэнэ.

(2) (a) Энэхүү Хэлэлцээрт болон 1925 оны хэлэлцээрт нэгэн зэрэг оролцогч тал болох хэлэлцэн тохирогч аливаа Улс нь зөвхөн 1925 оны хэлэлцээрт оролцогч тал болох Улстай харилцахдаа хэрэв тухайн Улс нь 1925 оны хэлэлцээрийг цуцлаагүй бол 1925 оны хэлэлцээрийн заалтыг хэрэглэнэ.

(б) Энэхүү Хэлэлцээрт болон 1934 оны хэлэлцээрт оролцогч тал болох хэлэлцэн тохирогч аливаа Улс нь зөвхөн 1934 оны хэлэлцээрт оролцогч тал болох Улстай харилцахдаа хэрэв тухайн Улс нь 1934 оны хэлэлцээрийг цуцлаагүй бол 1934 оны хэлэлцээрийн заалтыг хэрэглэнэ.

(3) Зөвхөн энэхүү Хэлэлцээрт оролцогч Улс нь энэхүү Хэлэлцээрт оролцогч бус 1925 оны буюу 1934 оны хэлэлцээрт оролцогч Улсын хувьд ямар ч үүрэг хүлээхгүй.

 

32 дугаар зүйл

 

(1) Энэхүү Хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдөр 1925 оны буюу 1934 оны хэлэлцээрт оролцогч Улс энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурж соёрхон баталсан буюу нэгдэн орсныг хэрэв тухайн Улс гарын үсэг зурахдаа буюу нэгдэх орох тухай баримт бичгээ хадгалуулахдаа татгалзсан мэдэгдэл хийгээгүй бол энэхүү Хэлэлцээрт хавсаргасан Протоколд гарын үсэг зурж соёрхон баталсан буюу нэгдэн орсонд тооцно.

(2) Нэг дэх хэсэгт дурдсан мдээгдэл хийсэн хэлэлцэн тохирогч аливаа Улс буюу 1925 оны буюу 1934 оны Хэлэлцээрт оролцогч бус хэлэлцэн тохирогч бусад Улс энэхүү Хэлэлцээрт хавсаргасан Протоколд гарын үсэг зурах буюу нэгдэн орж болно. Гарын үсэг зурахдаа буюу нэгдэн орох тухай баримт бичгээ хадаглуулахдаа тухайн улс нь Протоколын 2 дахь хэсгийн (a) буюу (б)-д заасны хувьд үүрэг хүлээхгүй тухайгаа зарлаж болох бөгөөд энэ тохиолдолд Протоколд оролцогч бусад Улс тухайн Улстай харилцахдаа тэрхүү зарлалд заасан заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээхгүй.

 

33 дугаар зүйл

 

Энэхүү баримт бичгийг нэг хувь дээр нь гарын үсэг зурж Нидерландын Засгийн газарт хадгалуулахаар хүлээлгэн өгнө. Гэрчилсан хувийг гарын үсэг зурсан буюу нэгдэн орсон улс бүрийн Засгийн газарт илгээнэ.

 

Протокол*

 

Энэхүү Протоколд оролцогч тал Улсууд дараах зүйлийг тохиролцов.

 

(1) Олон улсын хадгалалтад хамаарах загварын хувьд энэхүү Протоколд оролцогч Улсуудын нэг нь гарлын Улс гэж тооцогдоход энэхүү Протоколын заалтуудыг тэр загварын хувьд хэрэглэх болно.

(2) Нэг дэх хэсэгт дурдсан загварын хувьд:

(a) Нэг дэх хэсэгт дурдсан загварын хувьд энэхүү Протоколд оролцогч Улсын олгодог хамгаалалтын хугацаа нь тухайн байдлыг харгалзан 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (a) буюу (б)-д заасан огнооноос эхлэн 15 жилээс багагүй байна.

(б) Энэхүү Протоколд оролцогч Улс нь аливаа тохиолдолд түүний нутаг дэвсгэр дээр олон улсын хадгалалтаас үүсэх эрхийг эдлэхийн тулд буюу аливаа бусад зорилгоор загварыг хэрэгжүүлсэн бүтээгдэхүүн буюу тэдгээрийн шошго дээр тэмдэглэл тавихыг шаардахгүй.

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018