Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журам

  • 2019-05-24
  • 249

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журам

Оюуны өмчийн газрын даргын
2002 оны 1/120 дугаар
тушаалын хавсралт

ОЮУНЫ ӨМЧИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН
ТӨЛӨӨЛӨГЧИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журам нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
1.2. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Монгол улсын Патентийн тухай
хууль, Барааны тэмдгийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуулийн хүрээнд иргэд, хуулийн этгээдийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт, зохиогчийн эрхэд хамаарах бүтээлд эрхийн хамгаалалт хийлгэх үйл ажиллагааг зуучлан гүйцэтгэх аж ахуйн этгээд байна.

Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт

Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.
1. “Улсын бүртгэл” гэж оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын бүртгэлийг
2. “Патентийн үйлчилгээ” гэж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патентийн мэдүүлэг болон ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлгийг Оюуны өмчийн газарт гаргах, патент, бүртгэлийн гэрчилгээ авах, патентийг хүчинтэй байлгах, патент, гэрчилгээг хүчингүй болгох тухай хүсэлт гаргах, хугацаа сунгуулах, эрх шилжүүлэх гэрээ болон лицензийн гэрээг боловсруулах ба бүртгүүлэх, үнэлгээ тогтоолгох, патентийн мэдээллийн хайлт, дүн шинжилгээ хийх, оюуны өмчийн асуудлаар зөвлөгөө өгөх, оюуны өмчийн асуудлаар төрийн захиргааны болон бусад
байгууллагын өмнө иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх, эдгээртэй холбоотой бусад үйлчилгээг:
3. “Зохиогчийн эрхийн үйлчилгээ” гэж зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн өргөдөл гаргах, зохиогчийн эрхийн бүтээлийн гэрчилгээг авах, бүтээл ашиглах онцгой (эд хөрөнгийн) эрх шилжүүлэх гэрээ болон лицензийн гэрээг боловсруулах ба бүртгүүлэх, үнэлгээ тогтоолгох, оюуны өмчийн асуудлаар төрийн захиргааны болон бусад байгууллагын өмнө иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх, эдгээртэй холбоотой бусад үйлчилгээг
4. “Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч” гэж энэ журмын 1.2-т заасан шаардлага хангасан аж үйлдвэрийн өмчийн болон зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн эрхийн хамгаалалт хийлгэх үйл ажиллагааг зуучлан гүйцэтгэх зөвшөөрөл бүхий Монгол улсын иргэнийг
5. “Оюуны өмчийн итгэмжлэлийн товчоо” гэж оюуны өмчийн итгэмжлэгдсэн
төлөөлөгч ажилладаг, аж үйлдвэрийн өмчийн болон зохиогчийн эрхийн үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдийг

Гурав. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагааны төрөл

3.1. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсвэл оюуны өмчийн итгэмжлэлийн товчоо нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патентийн мэдүүлэг, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шийдвэрлүүлэх, патент, өргөдөл гаргах, зохиогчийн эрхийн бүтээлийн гэрчилгээг авах, эрх шилжүүлэх тухай гэрээ болон лицензийн гэрээ боловсруулах, бүртгүүлэх, хүсэлт, гомдол гаргах, эдгээртэй холбоотой бусад үйлчилгээ үзүүлэх эрхтэй.
3.2. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төрийн захиргааны болон бусад байгууллагын өмнө, өмгөөлөгчийн эрхтэй бол хуулийн байгууллагын өмнө өөрийн үйлчлүүлэгчээ төлөөлөх эрхтэй.
3.3. Оюуны өмчийн итгэмжлэлийн товчоо болон оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авсан тохиолдолд хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулах эрхтэй.

Дөрөв. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тавих шаардлага

4.1. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээд боловсролтой, оюуны өмчийн эрх зүйн хамгаалалтын холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, боловсруулах бүрэн чадвартай, оюуны өмчийн салбарт гурваас доошгүй жил ажилласан, ял шийтгэлгүй, Монгол улсад байнга оршин суудаг болон гадаад улсад түр хугацаагаар оршин суудаг Монгол улсын иргэн байна.
4.2. Оюуны өмчийн байгууллагын болон хуулийн байгууллагын ажилтан Монгол улсын Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон албан тушаалтан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.
4.3 Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шалгаруулалтанд орж тэнцсэн, үйл ажиллагаа хэвийн явуулах албан өрөө, шаардлагатай техник хэрэгсэлтэй байна.

Тав. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүрэг

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь олгогдсон итгэмжлэлийн хүрээнд мэдүүлэгт нэмэлт, засвар оруулах, тайлбар авах, Оюуны өмчийн газраас гаргасан шийдвэрт гомдол гаргах зэрэг үйлчлүүлэгчийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах эрхтэй. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэгдэж төрийн бус байгууллага байгуулж болно.
Итгэмжлүүлсэн этгээдийн нэрийн өмнөөс шууд харилцаж, маргаан гарвал олгогдсон эрхийн хүрээнд түүнийг шүүхэд төлөөлнө. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үйл ажиллагаандаа үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ хэлэлцээр, холбогдох заавар журмыг мөрдөж ажиллана.
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үйлчлүүлэгчээ төлөөлж боловсруулсан бүтээлийн мэдүүлэг болон түүнтэй холбоотой мэдээллийн нууцыг чандлан хадгална.
Эрхийн хамгаалалтын бичиг баримтыг хүчинтэй байлгах, түүнээс үүсэх бусад эрх зүйн асуудлаар үйлчлүүлэгчдээ мэргэжлийн зөвлөлгөө өгөх, зохих эрх олгогдсон тохиолдолд үйл ажиллагааг биечлэн төлөөлж гүйцэтгэнэ.

Зургаа. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх

6.1. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон оюуны өмчийн итгэмжлэлийн товчооны өөрийн хүсэлтээр итгэмжлэлийн үйл ажиллагааг нь түдгэлзүүлж болно.
6.2. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсвэл оюуны өмчийн итгэмжлэлийн товчоо нь дахин шалгаруулалтад орох тохиолдолд шалгалтын дүн гартал түр хугацаагаар итгэмжлэлийн үйл ажиллагааг түдгэлзүүлнэ.
6.3. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсвэл оюуны өмчийн итгэмжлэлийн товчоо нь оюуны өмчийн хууль тогтоомж зөрчсний улмаас эрүүгийн хариуцлагад татагдсан тохиолдолд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол итгэмжлэлийн үйл ажиллагааг түдгэлзүүлнэ.

Долоо. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрлийг хүчингүй болгох.

7.1. Дараахь тохиолдолд Оюуны өмчийн газрын даргын саналыг үндэслэн Хууль
зүй, дотоод хэргийн сайд оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон оюуны
өмчийн итгэмжлэлийн товчооны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй
болгоно. Үүнд:
7.1.1. Итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хүсэлт гаргасан
7.1.2. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол улсын иргэний харъяаллаас гарсан
7.1.3. Итгэмжлэгдсэн төлөөлөгч гадаад оронд байнга оршин суух болсон.
7.1.4. Хуурамч материал бүрдүүлэн эрх авсан нь тогтоогдсон
7.1.5. Гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн нь нотлогдож эрүүгийн ял эдлүүлэх
шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон
7.1.6. Итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх зүйн чадамжгүй болсон
7.1.7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 жилийн хугацаанд итгэмжлэл,
төлөөллийн үйл ажиллагаа эрхлээгүй
7.1.8. Мэдүүлгийн бүрдэл хангаагүй, чанаргүй орчуулга хийх, шинэ
бүтээлийн томъёолол буруу боловсруулах, хэвлэлийн шаардлага хангаагүй
материал зэргээр харилцагч талд хохирол учруулж энэ талаар гомдол гарсан
7.1.9. Мэргэжлийн давтан шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн
7.1.10. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нас барсан тохиолдолд
7.2. Энэ журмын 7.1.7., 7.1.8., 7.1.9-д заасан шалтгаануудын улмаас итгэмжлэлийн үйлчилгээ явуулах эрхээ хасуулсан этгээд эрх хасуулсан огнооноос хойш 2 жилийн дараа дахин итгэмжлэлийн эрх авахаар өргөдөл гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд дахин шалгаруулалтад орно.
7.3.Эрх хассан тухай шийдвэрийг итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөхгүй бол шүүхэд энэ талаар гомдол гаргах эрхтэй.

Найм. Бусад асуудал

8.1. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаанд Оюуны өмчийн газар мэргэжлийн хяналт тавьж сахилгын дараахь арга хэмжээг авна.
8.1.1. Анхааруулах
8.1.2. Мэргэжлийн шалгалтанд дахин оруулах
8.1.3. Итгэмжлэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй
болгуулах талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад санал өгөх
8.2. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэргэшлийг дээшлүүлэх гадаад, дотоодын сургалтанд хамруулах, шагнаж урамшуулах асуудлыг Оюуны өмчийн газар зохион байгуулна
8.3. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үйлчилгээний орлогын мэдээг жил тутам гаргаж, ашгийн 10 хувийг Оюуны өмчийн газарт шилжүүлсэн байна.
8.4. Үйлчлүүлэгчээ төлөөлж гүйцэтгэсэн тэмдэгтийн хураамжийн татварын тооцоог Оюуны өмчийн газарт ирүүлнэ.

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018