Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Оюуны өмчийн улсын хяналтын журам

  • 2019-05-24
  • 126

Оюуны өмчийн улсын хяналтын журам

Засгийн газрын 1999 оны 220 дугаар тогтоолын хавсралт

ОЮУНЫ ӨМЧИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ

Нэг.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.Оюуны өмчийн улсын хяналтын зорилго нь Монгол улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол оюуны өмчийн байгууллагаас иргэд, өмчийн бүх хэлбэрийн, хамтын болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд оюуны өмчийн талаархи хуулиудын хэрэгжилтийг хангах, хяналт тавихад оршино.

2.Оюуны өмчийн улсын хяналтыг оюуны өмчийн улсын байцаагч /цаашид “байцаагч “гэх /хэрэгжүүлнэ.

3.Оюуны өмчийн газрын дарга нь оюуны өмчийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газраас олгоно.

4.Оюуны өмчийн улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг оюуны өмчийн ерөнхий байцаагчийн санал болгосноор Хууль зүйн сайд томилж, чөлөөлнө.

5.Оюуны өмчийн улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Иргэний хууль, Патентын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн тухай хууль, Засгийн газар болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэр, энэхүү дүрмийг удирдлага болгоно.

6.Оюуны өмчийн улсын ерөнхий болон ахлах байцаагч , улсын байцаагчид нь Хууль зүйн сайдын баталсан загварын үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг, мэдэгдэл, албан шаардлага, дүгнэлт, акт, торгууль, шийтгэвэрийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хоёр. ОЮУНЫ ӨМЧИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛ

7.Оюуны өмчийн улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:

а/ Монгол улсын нэгдэн орсон оюуны өмчийн талаархи олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр, эрх зүйн бусад баримт бичгийн биелэлтийг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагаанд шалгах;
б/оюуны өмчийн талаархи хууль тогтоомж, Засгийн газар болон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;

Гурав.ОЮУНЫ ӨМЧИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН
БАЙЦААГЧИЙН ҮҮРЭГ, ЭРХ

8.Байцаагч нь дараахь үүрэг хүлээнэ:

а/оюуны өмчийн хууль тогтоомжийн дагуу байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагаанд оюуны өмчийн улсын хяналтыг хэрэгжүүлж, оюуны өмчийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, илэрсэн зөрчлийг шуурхай арилгах, арга хэмжээ авах, хяналтын үр дүнг мэдээлэх, сурталчлах;

б/оюуны өмчийн эрхэд хохирол учруулсан гэж тодорхойлогдсон үйлдвэрлэл, үйлчилгээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар бүхэлд нь буюу хэсэгчлэн зогсоож, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;

в/зөрчил, дутагдлын шалтгааныг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний чиглэл, бодлогын төслийг боловсруулж холбогдох газарт оруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

г/хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдэд акт, мэдэгдэл бичиж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах;

д/хуурамчаар үйлдвэрлэсэн бараа, үзүүлсэн үйлчилгээний талаар олон нийтэд мэдээлэх;

9.Байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:

а/хяналт шалгалтын ажилд шаардлагатай бичиг, баримт, мэдээ, судалгаа тодорхойлолтыг холбогдох байгуулага, аж ахуйн нэгж, албан тушаалтан , иргэдээс гаргуулж авах;

б/үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа ажлын байр ,талбайд нэвтрэн орох;

в/байгууллагын удирдлагатай нь тохиролцсоны үндсэн дээр хяналт шалгалтын ажилд зохих мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах шинжээчийг томилон ажиллуулах;

г/шаардлагатай гэж үзвэл шалгалтын материалыг хуулийн холбогдох байгууллагад шилжүүлэх;

д/оюуны өмчийн эрх зөрчсөн үйлдлийг зогсоох, эрх зөрчсөн бараа , бүтээгдэхүүн, хууль бус орлогыг хураан авч улсын орлого болгох буюу эрх эзэмшигчид олгох, эсвэл акт үйлдэж устгах арга хэмжээ авах;

е/хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн болон илэрсэн зөрчлийг арилгах талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн заалтыг үндэслэн хариуцлага хүлээлгэх;

Дөрөв.БУСАД ЗҮЙЛ

10.Оюуны өмчийн улсын байцаагчийн албан шаардлагыг байгуулллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд тогтоосон хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.

11.Байгууллага, аж ахуйн нэгжийн захиалгаар байцаагчийг хяналт шалгалтад оролцуулбал унаа, байр, болон холбогдох бусад зардлыг уг байгууллага нь хариуцна.

12.Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан байцаагчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлоо 10 хоногийн дотор ерөнхий байцаагчид гаргаж болно. Ерөнхий байцаагч гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж, байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх тухай шийдвэр гаргаж, энэ тухайгаа гомдол гаргагчид бичгээр мэдэгдэнэ. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо зохих журмын дагуу шүүхэд гаргаж болно.Гомдол гаргах нь байцаагчийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

13.Байцаагч үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018