Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Технологи дамжуулах гэрээ байгуулах, түүнийг бүртгэх заавар

  • 2019-05-24
  • 350

Технологи дамжуулах гэрээ байгуулах, түүнийг бүртгэх заавар

Монгол улсын гэгээрлийн сайдын 1999 оны 3 дугаар сарын
15-ны өдрийн 46 дугаар тогтоол

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ,
ТҮҮНИЙГ БҮРТГЭХ ЗААВАР

Нэг. Нийтлэг үндэслэл
Энэ зааврын зорилго нь Монгол Улсад технологи дамжуулах үйл ажиллагааг эрэлт, нийлүүлэлт, эрх шилжүүлэлтийн өнөөгийн зарчимд нийцүүлэн зохих хууль тогтоомжийн дагуу гэрээгээр хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.
“Технологи дамжуулах” гэдгийг технологи эзэмшигч өөрийн технологийг бусад иргэн, хуулийн этгээдэд гэрээний үндсэн дээр шилжүүлэх, ашиглуулах, боловсронгуй болгох цогцолбор үйл ажиллагаа гэсэн утгаар ойлгоно.
Дамжуулах технологид технологийн бүрдэл, горим, үйл ажиллагааны нөхцөл, түүнийг нэвтрүүлэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмж, патент бүхий бусад шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, судалгаа шинжилгээний үр дүн, ноу-хау зэрэг эд хөрөнгө, оюуны үнэт зүйлийг тус тус хамруулан авч үзнэ.

Технологи дамжуулах үйл ажиллагааг Технологи дамжуулах тухай хуулийн 4, Патентийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зарчимд тулгуурлаж явуулна.
Дамжуулах технологи нь Технологи дамжуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байвал зохино.
Тухайн чиглэлийн технологи дамжуулахыг хянаж байхаар Засгийн газар хоорондын болон Монгол улс нэгдэн орсон олон улсын бусад гэрээ хэлэлцээрт заасан бол уг технологид төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар үнэлгээ хийлгүүлнэ.
Байгаль орчин, хүн, мал, амьтны эрүүл мэндэд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү сөрөг нөлөө үзүүлэхүйц технологи дамжуулахыг хориглоно. Үүнийг зөрчсөн этгээдэд Технологи дамжуулах тухай хуулийн 17.1-д болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу зохих хариуцлага ногдуулна.
Технологи дамжуулах үйл ажиллагаанд оролцогчид Технологи дамжуулах тухай хуулийн 11, Патентийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан нийтлэг эрхийг эдлэх бөгөөд шаардлагатай бусад эрхийг тухайн гэрээгээр харилцан тохиролцож тодорхойлно.
Технологи дамжуулахтай холбогдсон эрх зүйн баримт бичиг боловсруулж гаргах, түүний хэрэгжилтийг хангуулахад шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.1.2., Технологи дамжуулах тухай хуулийн 6.1.2.-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд арга зүйн нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

Хоёр. Технологи дамжуулах гэрээ, түүний хэлбэр, төрөл

Технологи дамжуулах үйл ажиллагааг лиценз (зөвшөөрөл)-ийн гэрээгээр хэрэгжүүлэх бөгөөд түүний зорилго нь энд хамрагдаж буй эд хөрөнгө, оюуны бусад үнэт зүйлийг ашиглахтай холбогдон үүссэн харилцааг зохицуулахад чиглэгдэнэ.
2.2 Технологийн бүрдэл, горим, үйл ажиллагааны нөхцөл, түүнийг нэвтрүүлэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмж, патент бүхий бусад шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, судалгаа шинжилгээний үр дүн, ноу-хау зэрэг эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрх (цаашид “гэрээний зүйл” гэх)-ийг шилжүүлэх талаар талууд харилцан тохиролцож бичгээр үйлдсэн гэрээг энэхүү зааварт лицензийн гэрээ (цаашид “гэрээ” гэх) гэсэн утгаар ойлгоно.
Гэрээ байгуулагч талуудыг “лиценз өгөгч” ба “лиценз авагч” гэж нэрлэнэ. Гэрээний зүйлийг бусдад шилжүүлэн өгч буй этгээдийг “лиценз өгөгч” бусдаас шилжүүлэн авч буй этгээдийг “лиценз авагч ” гэх бөгөөд лиценз өгөгч нь гэрээний зүйлийг сонирхогч этгээдийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд тодорхой зориулалттайгаар шилжүүлэх, лиценз авагч нь харилцан тохиролцсон үнэ, хөлс төлөх зэрэг үүргийг энэхүү гэрээгээр тус тус хүлээнэ.
Гэрээний зүйлийг шилжүүлэх анхдагч эрхийг лиценз өгөгч эдлэх бөгөөд гэрээний зүйлд холбогдол бүхий зохиогчийн амины эрхийн хувьд лиценз авагч аливаа эрх эдлэхгүй.
Оюуны үнэт зүйлийг өмчлөх эрхийн баталгаа, хамгаалалтыг Монгол Улсын Иргэний хууль, Патентийн тухай, Зохиогчийн эрхийн тухай хуулиудаар тус тус зохицуулна.
Гэрээг эрх зүйн хувьд онцгой, бүрэн, энгийн гэсэн гурван ангилалд хувааж болох бөгөөд уг ангилалыг энэхүү зааварт “гэрээний төрөл” гэж нэрлэнэ.
Онцгой гэрээгээр гэрээний зүйлийг ашиглах онцгой эрх зөвхөн лиценз авагчид хадгалагдана.
Бүрэн гэрээ нь гэрээний зүйлийг бусдад дамжуулах эрхтэйгээр, буцалтгүй, ямар нэг хязгаарлалтгүйгээр лиценз авагчид шилжүүлж гэрээнд заасан хугацааны туршид бүрэн ашиглах боломжийг бүрдүүлнэ.
Энгийн гэрээ байгуулбал лиценз өгөгч нь гэрээний зүйлээ лиценз авагчаас гадна бусад этгээдэд мөн энгийн гэрээгээр ашиглуулах эрхтэй байна.
Гурав. Гэрээ байгуулах, түүнийг бүртгүүлэх
Гэрээг байгуулахдаа Технологи дамжуулах тухай хуулийн 12, Патентийн тухай хуулийн 19, Иргэний хуулийн 285-288 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоно.
Гэрээ байгуулагч талууд албан ёсны нэр, хаяг болон төлөөлж буй этгээдийн овог, нэр, албан тушаалыг гэрээнд бүрэн зааж тусгана.
Гэрээний гол нөхцлийг талууд харилцан тохиролцож, хуульд заасан буюу хэлэлцэн тохиролцсон хэлбэрээр гэрээгээ хийж баримт бичгийг зохих журмын дагуу бүрэн гүйцэд үйлдсэн бол гэрээ байгуулсанд тооцно.
Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих (Технологи дамжуулах тухай хуулийн 12.2., Патентийн тухай хуулийн 19-ийн 2-т заасан), түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ.
Гэрээ байгуулах буюу гэрээний зүйлийг шилжүүлэх явцад маргаан гарвал түүнийг шүүх, арбитрын журмаар шийдвэрлүүлж болно.
Лиценз авагч гэрээнд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулах боломж, орчин нөхцлөөр хэрхэн хангагдаж байгааг болон энэ тухайд талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой зааж тусгана.
Гэрээ байгуулахад Технологи дамжуулах тухай хуулийн 13.1-д заасан харилцааны талаар талууд харилцан хязгаарлалт тавихыг хориглоно.
Патентын эрхэд хамаарах гэрээний зүйлийг гадаадад гаргаж ашиглуулах бол гэрээ байгуулахын өмнө тухайн зүйлийн хувьд Оюуны өмчийн газраас зөвшөөрөл авна.
Хүн, мал, амьтныг эмчлэх, оношлох өвчнөөс урьдчилан сэргийлэх арга, ургамлын сорт, мал, амьтны үүлдэр, тэдгээрийг бий болгох биологийн арга, бичил биетний омог, түүнийг өсгөвөрлөх орчинтой холбогдсон гэрээний зүйлийг гадаадаас авч ашиглах бол гэрээ байгуулахын өмнө Монгол Улсын төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.
Гэрээ байгуулах үед үйлчилж байсан журмаас өөр журам тогтоосон хууль гэрээ байгуулмны дараа батлагдсан бөгөөд шинээр тогтоосон журам нь гэрээний аль нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар байвал уг гэрээний нөхцөл хүчин төгөлдөр хэвээр байна.
Гэрээ байгуулсны дараа түүнийг бүртгүүлэхээр ажлын 7 хоногт багтаан Оюуны өмчийн газарт албан ёсоор ирүүлж Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасны дагуу зохих хураамж төлнө.
Оюуны өмчийн газар гэрээг хүлээн авч хянаад холбогдох хууль тогтоомжид нийцэж байвал ажлын 15 хоногт багтаан улсын бүртгэлд бүртгэнэ.
Оюуны өмчийн газар ийнхүү хянан бүртгэх явцдаа Олон улсын буюу Монгол улсын стандартын шаардлагад нийцээгүй технологийг гадаад орноос оруулах, шинээр хэрэглэх тухай гэрээг дараахь үнэлгээ, дүгнэлт буюу тэдгээрийн аль нэгийг үндэс болгон бүртгэхгүй байж болно.
Хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлын талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төийн захиргааны төв байгууллагын санал
Мал, эмнэлэг, үржил, ургамал, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи дамжуулж байгаа тохиолдолд хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт
Байгаль орчинд үзүүлэх нөлөөлийн талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үнэлгээ
Гэрээг бүртгээгүй тохиолдолд тухайн технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг технологийг ашиглахыг хориглох талаар шийдвэр гаргана.
Гэрээг бүртгэсэн бол лиценз авагчдад Оюуны өмчийн газраас зохих журмын дагуу лиценз олгоно. Лиценз загварыг Оюуны өмчийн газраас энэхүү зааварт нийцүүлэн баталж гаргана.
Гэрээг улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонд тооцох ба нотариатаар гэрчлүүлэх нь зохистой гэж үзнэ.
Гэрээний эх бичвэрийг дөрвөн хувь үйлдэж гэрээний талууд болон Оюуны өмчийн газар, Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн корпорацид тус бүр нэг хувийг хадгалуулна.
Дөрөв. Гэрээний нийтлэг бүтэц
Гэрээний бүтэц, агуулгын хүрээнд гэрээний гол нөхцөлүүдийг хамруулан авч үзнэ.
Гэрээг дараахь нийтлэг бүтэцтэйгээр байгуулж гэрээний гол зүйл болох техникийн баримт бичгүүдийн бүрдлийг бүрэн хангахад анхаарах ба үйлдвэрлэл, үйлчилгээний тухайн салбар, чиглэл, гэрээний зүйлийн онцлогт нийцүүлж энэхүү нийтлэг бүтцэд зохих нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
Оршил (талуудын албан ёсны нэр, хаяг, төлөөлөл, гэрээний үндэслэл, зорилго)
4.2.2.Нэр томъёо /“үндсэн патент”, “үндсэн шинэ бүтээл”, “лиценцийн технологи”, “лиценцийн бүтээгдэхүүн”, “ноу-хау”, “техникийн баримт бичиг”, “тусгай тоног төхөөрөмж”, “тусгай материал /түүхий эд/” гэх мэт талууд нэг ойлголттой байх шаардлага бүхий бусад нэр томъёоны тайлбар/
4.2.3.Гэрээний зүйл /техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бараа материал, түүхий эд зэрэг хөрөнгийн жагсаалт, технологи, технологийн горим, ноу-хау, зураг, бүдүүвч, төсөл тооцоо, патент, барааны тэмдэг, норм, стандарт, заавар, аргачлал зэрэг техникийн бусад баримт бичгийн жагсаалт, гэрээний зүйлийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын нөхцөл, шаардлага/;
4.2.4.Эрхийн хамгаалалт /патент эзэмших болон зохиогчийн эрхийг хамгаалах арга, зарчим/
4.2.5.Баталгаа /технологи, тоног төхөөрөмж зэрэг зүйлийн ашиглалт, үйлчилгээний/ баталгаат хугацааг нотолсон шилжүүлэн өгөгч талын батламж /
4.2.6.Техникийн туслалцаа /гэрээний зүйлийг нийлүүлэх, хүлээлгэн өгөх, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, тэдгээрийн ашиглалт болон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний талаар сургалт явуулах зөвлөлгөө өгөх гэх мэт/
4.2.7.Үнэ, төлбөр, шагнал /гэрээний зүйлийг худалдан авах үнэ, лицензийн болон техникийн туслалцаа үзүүлсний төлбөр, тэдгээрийг төлөх нөхцөл, хэлбэр, бусад шимтгэл, татвар, шагнал, урамшуулал/
4.2.8.технологийн өөрчлөлт /технологийг ашиглах явцад түүнд сайжруулах, шинэчлэлт хийх, эсвэл түүний горимыг алдагдуулж үр өгөөжийг бууруулах зэрэг тохиолдолд талууд тухай бүр харилцан мэдээлэх, үүнтэй холбогдон гэрээний заалтыг хэрхэн мөрдөх асуудал/
4.2.9.Газар нутаг /дамжуулсан технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах болон үйлчилгээ явуулах газар нутаг/
4.2.10.Нууцын хамгаалалт /худалдааны болон технологийн мэдээллийн нууц, түүний ангилал, зэрэглэл, нууцыг хадгалах асуудал/
4.2.11.Боловсон хүчин /гэрээний хугацаанд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах шаардлага, нөхцөл/
4.2.12.Талуудын эрх, үүрэг /гэрээний нөхцөлүүдийн хүрээнд үүсэх болон холбогдох бусад эрх, үүрэг/
4.2.13.Хариуцлага /гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн төлөө талуудын хүлээх хариуцлага/
4.2.14.Сурталчилгаа /технологи, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг асуудлаар явуулах сурталчилгааны арга, хэлбэр, зарчим/
4.2.15.Маргаан таслах /гэрээний хүрээнд үүсч болох маргаантай
асуудлыг таслан шийдвэрлэх арга зам/
4.2.16.Гэрээний хугацаа /гэрээ хүчин төгөлдөр байх хугацаа, гэрээг цуцлах нөхцөл, гэрээг цуцалснаас үүдэн гарах үр дагавар, түүнийг арилгах арга зам/
4.2.17.Бусад нөхцөл /энэ журамд дурдагдаагүй боловч гэрээнд тусгах шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл/
4.2.18.Хавсралт

Тав. Гэрээний хугацаа, гэрээг сунгах, цуцлах

5.1.Гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож тогтоохдоо гэрээний патентлагдсан зүйлийн патентын хүчинтэй байх хугацааг харгалзан үзнэ.
5.2.Гэрээний зүйлүүдийн патентын хүчинтэй байх хугацаа янз бүр байгаа тохиодолд гэрээний цаад хугацааг гэрээний гол зүйлийн нь патентын хүчинтэй байх хугацаанаас хэтрүүлэхгүй байхаар тооцно.
5.3.Гэрээний тохиролцсон хугацаанд гэрээний аль нэг зүйлийн патентын хүчинтэй байх хугацаа дуусахаар байгаа бол уг зүйлийг цаашид хэрхэн ашиглах, нууцыг нь хадгалах тухайд талууд урьдчилан тохиролцож гэрээндээ тусгасан байвал зохино.
5.4.Патентыг хүчинтэй байлгах болон түүний хураамжийн тухай асуудлыг Патентын тухай хуулиар зохицуулна.
5.5.Патентын хүчинтэй байх хугацаанаас бага хугацаагаар хийсэн гэрээг, шаардлагатай гэж үзвэл, талууд харилцан тохиролцох журмаар тухай бүр сунгаж байж болно.
5.6.Патент ямар нэг шалтгаанаар /хураамж, ашиглалт гэх мэт/ хүчинтэй байх боломжоо түр алдсан бол патент хүчинтэй байх нийт хугацааны дотор багтаан талууд болон тэдний аль нэгний хүсэлтээр , Патентын тухай хуульд заасны дагуу уг патентийг сэргээж болно.
5.7.Гэрээний аль нэг талын бичгээр урьдчилан мэдэгдсэн саналыг үндэслэн гэрээг цуцалж болно. Гэрээ цуцласанаас үүдэн гарах үр дагаварыг хэрхэн зохицуулах зарчмыг гэрээнд тодорхойлно.

Зургаа.Бусад зүйл

6.1.Дамжуулах технологийн бүрэлдхүүнд лицензээр шилжүүлэхээс гадна худалдаа, арилжааны журмаар шийдэж болох зүйл байгаа бол талууд энэ тухайд зохих журмын дагуу жич гэрээ хэлцэл байгуулж болно.
6.2.Гадаад орноос технологи авахдаа эх орныхоо нөөц бололцоонд тулгуурлан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулахад чиглэгдсэн, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай, байгаль орчинд халгүй, шинэ нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түлхүү анхаарах бөгөөд уг технологийг манай нөхцөлд тохируулан нутагшуулж өөрийн болгож эзэмших, эсвэл тэдний патентаар шууд үйлдвэрлэл явуулахын аль нь монгол орны эдийн засаг, нийгмийн хувьд илүү үр ашиг, ач холбогдолтой байж болохыг , түүнчлэн лиценз өгөгч талын дамжуулж буй технологио эзэмших эрхийн баталгаа, лиценз авагч талд бий болох бизнес эрхлэлтийн орчин, түүнд гадаадын орны зүгээс үзүүлж болох эерэг, сөрөг нөлөө зэргийг урьдчилан сайтар судалж харгалзан үзвэл зохино. Талуудын эрх, үүргийн асуудлыг харилцан тохироцохдоо Монгол Улсын Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийг баримтална.
6.3.Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 47 дугаарт заасан, гэрээтэй холбогдол бүхий, төрийн нууцад хамаарах баримт бичгийг гэрээнд өөрөөр заагаагүй бол 10 жил нууцлах ба Оюуны өмчийн газар, Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн корпораци болон талууд Төрийн нууцын тухай хууль тогтоомжийн дагуу хадгалж, хариуцна.

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018