Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Иргэд, компаниуд оюуны өмчөө барьцаалж, нэг тэрбум гаруй төгрөгийн зээл авсан байна

  • 2020-12-25
  • 1107

Иргэн, хуулийн этгээд оюуны өмчөө үнэлүүлж, барьцаалан зээл авах, эсвэл түүндээ хөрөнгө оруулалт татаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Энэ харилцааг өмнө нь Патентын, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар өм цөм зохицуулж байжээ. Тэгвэл эдгээр хуулийн давхардал, хийдлийг арилган, оюуны өмчийн харилцааг нэгдсэн зохицуулалтад оруулах зорилгоор Оюуны өмчийн тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэв. Оюуны өмчийн газар (ОӨГ)-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригтой энэ талаар ярилцлаа.

-Оюуны өмч хэчнээн төрөлтэй вэ. Тэдгээрийг хэрхэн бүртгэдэг бол?

-Оюуны өмчийг зохиогчийн бүтээл болон аж үйлдвэрийн өмч гэж хоёр ангилдаг. Хэрэв хэн нэгэн зохиол бичиж, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн бол энэ нь зохиогчийн бүтээл бөгөөд заавал бүртгүүлэх шаардлагагүй, оюуны өмчийн эрх нь автоматаар үүсдэг. Харин патент, барааны тэмдэг, шинэ бүтээл, ашигтай загвар, газар зүйн заалт бол аж үйлдвэрийн өмч. Эдгээрийг манайд бүртгүүлж, гэрчилгээ авахыг эрхийн хамгаалалт хийлгэх гэж нэрлэдэг.

-Бүртгэх хугацаа нь яагаад удаан байдаг юм бэ?

-Иргэн, хуулийн этгээд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт гаргасан бол олон улсын болон дотоодын мэдээллийн системд хайлт хийж, шалгадаг. Хэрэв давхцал үүсэхгүй буюу түүнтэй нь ижил өмчийг өмнө нь бүртгээгүй бол эрхийн хамгаалалт хийж, гэрчилгээ олгоно гэсэн үг. Тухайлбал, патентыг есөн сарын турш хайлт, шүүлт хийсний эцэст бүртгэх, эсэхийг нь шийддэг. Хэрэв тэр патентад өмнө нь эрхийн хамгаалалт хийчихсэн, гуравдагч этгээд үндэслэлтэй гомдол гаргаж, няцаасан бол гэрчилгээ олгохгүй. Үндэслэлтэй гомдол гэдэг нь хэн нэгэн өмнө нь бүртгүүлж, эрхээ авсан патенттай ижил төстэйг өөр этгээд бүртгүүлэх гэвэл няцаах хэлбэр юм. Мөн шинэ бүтээлийг есөн сарын хугацаанд хайлт хийсний эцэст патент олгох шийдвэр гаргадаг бөгөөд уг мэдээллийг оюуны өмчийн цахим сэтгүүлд гурван сарын турш байршуулна. Хэрэв тэр хугацаанд гуравдагч этгээдээс гомдол гаргавал дахин шинжээчийн баг ажиллаж, шийддэг.

Барааны тэмдэг болон газар зүйн заалтын хувьд хүсэлтээ өгснөөс хойш хайлт хийж, бүртгэх хугацаанд өөр этгээдээс гомдол гаргаж, няцаах боломжгүй. Гэхдээ холбогдох хуулийн шинэчилсэн найруулгыг саяхан УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд үүнд няцаах зохицуулалтыг тусгасан байгаа. Жишээ нь, барааны тэмдгээ бүртгүүлээгүй хэрнээ олон жил ашигласан тохиолдол их гардаг. Ийм үед өөр хэн нэгэн тэр барааны тэмдгийг нь бүртгүүлэх хүсэлт ирүүлбэл зөрчил үүсдэг тул энэ байдлыг зохицуулах зорилгоор няцаах боломж бүрдүүлэх гэж байгаа.

Харин ашигтай загварын тухайд гурван сарын дотор эрхийн хамгаалалт хийдэг бөгөөд энэ нь долоон жилийн хүчинтэй. Ташрамд хэлэхэд, газар зүйн заалтыг хувь хүнд бус, тухайн орон нутагт байгалийн онцлогоос хамаарч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэн, хуулийн этгээдэд олгодог онцлогтой. Жишээ нь, манай улсад Увсын чацаргана, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумын цагаан ямааны ноолуур, Халхголын, эсвэл Шаамарын зөгийн бал гэх мэт олон бүтээгдэхүүн бий. Мөн эдгээрт хүчинтэй хугацаа гэж байхгүй.

-Оюуны өмчөө ингэж бүртгүүлсний дараа үнэлгээ хийлгүүлнэ гэсэн. Хэн, хэрхэн хийх юм бол?

-Зохиогчийн эрх бол гэрчилгээ шаардахгүйгээр үнэлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Харин аж үйлдвэрийн өмчид заавал эрхийн хамгаалалт үүсгэсний дараа үнэлгээ хийлгэнэ. Ингэхдээ жишээлбэл, нэг чихрийн орц найрлагыг ашигтай загвараар, сав баглааг нь барааны тэмдгээр гэх мэтчилэн аливаа бүтээгдэхүүнд хэдэн ч эрхийн хамгаалалт хийлгүүлж болдог. Өмнө нь хувь хүн, хуулийн этгээд өөрөө оюуны өмчөө үнэлж, манайд бүртгүүлдэг байсан. Гэвч хэтэрхий хийсвэр үнэлдгээс болж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй болчихдог юм билээ. Харин Оюуны өмчийн тухай хуульд Сангийн яамны харьяа Мэргэшсэн үнэлгээчдийн институт үүнийг хийхээр тусгасан. Үнэлгээчдийг энэ сард бэлтгэж эхлэхээр төлөвлөсөн ч цар тахлын хорио цээртэй холбоотойгоор түр хойшлуулсан. Гэхдээ Мэргэшсэн үнэлгээчдийн институтийн холбогдох ажилтнуудтай ярилцаж, цөөн хэдэн хүнийг мэргэшүүлж, үнэлгээ хийх эрх олгохоор болсон. Хамгийн чухал нь үнэлгээ хийсэн туршлагатай, ёс зүйтэй, ур чадвартай хүн л үүнийг хийх эрхтэй. Мөн гадаадын туршлагатай мэргэжилтнүүдийг урьж, үнэлгээчдэдээ сургалт явуулахаар төлөвлөж байна.

-Хэн нэгэн шинэлэг санаагаа туршиж, судалгаа хийж байгаа гэж бодъё. Тэгвэл тэр үед нь зуучлалын байгууллагууд тусалж, тухайн хүнд хөрөнгө оруулалт татаж өгөн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой юм билээ. Ийм зуучлалын байгууллагууд манайд ажиллаж байна уу?

-Монголд патент бүр эдийн засгийн эргэлтэд орохгүй байгаа. Тиймээс тухайн хүний шинэ бүтээл, ашигтай загварыг төсөл, судалгааны түвшинд байхаас нь авхуулаад бүтээгдэхүүн болж “төрөхөд” нь туслах зуучлалын байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа. Ингэснээр патент нь ч чанартай болж, эргээд эдийн засгийн эргэлтэд хурдан орох юм.

Тухайлбал, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2015 оноос хойш их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд Техник, технологи, инновацын төвүүдийг байгуулж эхэлсэн. Тэдгээр төвийн багш, оюутнууд гадаадын оюуны өмчийн сангийн мэдээллийг шүүж, тухайн патент, ашигтай загварыг хөнгөлөлттэй үнээр авч, арай ахисан түвшний бүтээгдэхүүн, техник хэрэгсэл болгох хэлбэрээр ажилладаг. Жишээ нь, МУИС-ийн багш, судлаачид “Монос” компанитай хамтран эмчилгээний зориулалттай цай хэрэглээнд нэвтрүүлсэн. Одоо манай эрдэмтэд коронавирусийн оношлуур бүтээчихсэн байна. Удахгүй патентын эрхээ авна.

-ОӨГ-т хэчнээн шинэ бүтээл, барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгэлтэй байдаг юм бэ. Тэдгээрээс хэдийг нь практикт нэвтрүүлсэн бол?

-Манайд 76 мянга гаруй барааны тэмдэг бүртгэлтэй байна. Үүний 50 мянга гаруй нь олон улсынх. Мөн 1963 оноос хойш бүртгэгдсэн 4000 гаруй патент бий. Эдгээрээс хүчинтэй буюу 20 жилийн хугацаа нь дууссан патент цөөнгүй. Одоо 1500 орчим патент хүчинтэй байгаагаас 10 хувийг нь аж үйлдвэрт нэвтрүүлсэн гэж үзэж байгаа. Түүнчлэн 2700 гаруй бүтээгдэхүүний загвар, 11 мянга орчим зохиогчийн эрхийн бүтээл бий. Үүнээс гадна 2800 орчим ашигтай загвар бүртгүүлсэн бөгөөд хэчнээнийг нь ямар аж ахуйн нэгж эдийн засгийн эргэлтэд оруулсан талаарх тоо баримт алга байна. Ирэх жилээс энэ чиглэлийн судалгааг хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, томоохон компаниуд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хэчнээн патент бүртгэлтэй байгаагаас хэд нь хэрэглээнд нэвтрүүлснийг тооцож, эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулж байгаа талаарх судалгааг банк санхүүгийн байгууллагуудад танилцуулах юм. Ингэснээр тухайн патентыг үнэлж, барьцаанд авах боломж улам бүр нэмэгдэнэ.

-Аливаа компанийн үл хөдлөх хөрөнгө нь чухал үнэлэмж, үзүүлэлт болдог. Тэгвэл оюуны өмчийг нь түүний адил үнэлдэг болох нь ээ.

-Өөрийн үл хөдлөх хөрөнгөгүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг хэрнээ оюуны өмчийн маш олон гэрчилгээтэй гарааны компаниуд бий. Тэгвэл тухайн компани хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс илүүтэй бүтээгдэхүүнийхээ технологи, барааны тэмдэг, брэндээ үнэлүүлж, зээл авах боломжтой гэсэн үг. Улаанбаатар хотын банк барааны тэмдэг барьцаалан жилийн 11 хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгож байсан бол одоо Худалдаа хөгжлийн банк үүнийг нэвтрүүлээд байгаа. Өнгөрсөн жилээс өдий хүртэл нэг тэрбум гаруй төгрөгийн зээлийг ийм хэлбэрээр олгосон. Цаашид зөвхөн барааны тэмдэг бус, шинэ бүтээл, патент, ашигтай загвар, зохиогчийн эрхийн гэрчилгээг барьцаалах боломж бүрдүүлэхээр тус банкныхантай санал солилцож байна. Жишээлбэл, киноныхоо зураг авалтын гуравны нэгийг нь хийсэн хэрнээ үргэлжлүүлэх төсөвгүй болчихсон бол банкнаас зээл олгох нөхцөлийг нь бүрдүүлэх боломжтой гэж харж байгаа. Түүнчлэн бүтээсэн хэрнээ телевизүүдээр хараахан цацагдаагүй, зөвхөн кинотеатрт гарч байгаа кинонд үнэлгээ хийж, барьцаалж болох юм. Ингэхдээ үнэлгээг нь эрэлт хэрэгцээ, судалгаа гэх мэт олон шалгуураар, өөр өөр хэлбэрээр хийнэ. Энэ бол эдийн засгийн эргэлтэд оруулах нэг хэлбэр буюу барьцаалах боломжийг нээж өгч байгаа хэрэг. Үүнээс гадна худалдах, хөрөнгө оруулалт татах, компанийн дүрмийн сандаа бүртгүүлэх, хувьцаа гаргах гээд олон хэлбэрээр ашиг хүртэх боломжтой.

-Ерөнхий сайдын дэргэд Оюуны өмчийн үндэсний зөвлөл ажиллуулах талаар хуульд тусгажээ. Тус зөвлөл ямар эрх, үүрэгтэй ажиллах юм бол?

-Өмнө нь ийм зөвлөл ажиллаж байгаагүй. Одоо дээрх хуулийн дагуу Оюуны өмчийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд даргалж, дэд даргаар нь ХЗДХ-ийн сайд, нарийн бичгийн даргаар нь ОӨГ-ын дарга ажиллах бөгөөд салбарын холбоодын төлөөллийг оролцуулахаар журмыг нь боловсруулсан. Тус зөвлөл нь оюуны өмчийн чиглэлээр бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх юм.

-Эдийн засгийн эргэлтэд оруулснаар оюуны өмчийн хулгай багасах боломжтой юу?

-Нэг талаас оюуны өмчийн хяналтын системүүдийг сайжруулах, ашиг олох нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Оюуны өмчөөсөө ашиг хүртээд эхлэхээр иргэд мэдээж хулгайд алдагдахаас хамгаална. Мөн цаашид хохирлын үнэлгээ хийлгэх боломж бүрдэх бөгөөд ингэснээр тэр хэмжээгээрээ хохирлоо барагдуулах боломжтой гэсэн үг. Нөгөөтээгүүр, оюуны өмчөө хамгаалах, бусдын бүтээлийг хууль бусаар хуулбарлах нь ямар хор уршигтай талаарх сургалтыг олон нийтэд сайн явуулах нь зөв. Магадгүй 500 сая төгрөгөөр хийсэн бүтээлийг нь ганц товчлуур дараад үнэгүйдүүлэх эрсдэлтэй. Тиймээс бүтээлээ үнэгүйдүүлэхгүйн тулд сайн хамгаалах шаардлагатай. ОӨГ жил бүр сургалт, сурталчилгааны төлөвлөгөө боловсруулж, түүнийхээ дагуу ажилладаг.

Эх сурвалж:https://unuudur.mn/

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

IPOM COPYRIGHT

Зохиогчийн эрхийн хайлтын систем

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

ECOPYRIGHT

Цахим мэдүүлгийн систем

Технологи ба Инновацийг Дэмжих төв (TISC)

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо

Зохиогчийн эрхийн хэлтэс-329273

Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс-316454

Хяналтын хэлтэс-329671

Бичиг хэрэг-327638

Хаяг:

БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018