Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

НИЙТ ЗӨРЧЛИЙН 65 ОРЧИМ ХУВЬ НЬ ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ЗӨРЧИЛ БАЙДАГ.

  • 2020-04-26
  • 145

Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна. Монгол Улс 2003 оноос эхлэн энэхүү өдөрт нэгдэн орсон билээ. Энэ жилийн хувьд дэлхий нийтээр "Ногоон ирээдүйн төлөө инновацийг бүтээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдөртэй холбогдуулан Оюуны өмчийн газрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригтой ярилцлаа. 

Оюуны өмч гэж юуг хэлэх вэ? үүнд юу юуг багтааж ойлгох вэ? 

Оюуны өмч гэдэг нь бүтээлч хөдөлмөрийн үр дүнд үүсч бий болдог. Аж үйлдвэрийн болон зохиогчийн эрхийн бүтээлүүдийг оюуны өмч гэнэ.

Оюуны өмч нь аж үйлдвэрийн, зохиогчийн эрх гэсэн хоёр салбараас бүрддэг. Бидний байнга ярьж, хэрэглэж заншсан зүйл нь зохиогчийн эрхийн салбар. Киноны хулгай, дууны хулгай зэрэг хулгай талаасаа илүү мэднэ. Тэдгээрийг бүтээж байгаа зохиолч, яруу найрагч, бүтээгч тэдгээр нь бүгд зохиогчийн эрхэд хамаарна. 

Харин аж үйлдвэрийн өмчид бидний өдөр тутмын дунд байнга хэрэглэдэг энгийн хэрэглээний зүйлс орно. Гутал, хувцас, хүнсний бүтээгдэхүүн гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг нь аж үйлдвэрийн өмчийн обьектоор нэрлэгдэж, дор бүрнээ тухайн нэршлээрээ эрхийн хамгаалалт хийгдсэн байдаг. Өдөр болгон бидний телевизээр үзэж байгаа зүйл бол зохиогчийн эрх, дамжуулж байгаа телевиз нь аж үйлдвэрийн өмч юм.  

Оюуны өмчийн газар өнөөдөр ямар чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна вэ?

Оюуны өмчийн газар анх 1996 онд байгуулагдсан. Түүнээс өмнө патент, бараа тэмдгийн газар гээд үндэсний хөгжлийн яамны дэргэд, зохиогчийн эрхийн газар нь соёлын яамны дэргэд үйл ажиллагаа явуулж байгаад 1996 онд энэ хоёрыг нэгтгэж оюуны өмчийн газар болгосон түүхтэй. Оюуны өмчийн газар гэж нэрлэгдсэнээс хойш  энэ жил 24 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 1993 онд патентийн тухай хууль, зохиогчийн эрхийн тухай хууль батлагдсан. 2003 онд бараа тэмдгийн газар зүйн заалтын тухай хууль шинээр батлагдаж, 2006 онд патентийн болон зохиогчийн эрх түүнд хамрагдах тухай хуулиудын шинэчилсэн найруулгууд хийгдсэн. 2019 оны дөрөв дүгээр сард Н.Учрал гишүүний өргөн барьсан оюуны өмчийн тухай хууль 2020 оны нэг дүгээр сард УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэн батлагдсан. Энэ шинэ хуулинд оюуны өмчийн газрын бүтэц зохион байгуулалт, хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой, мөн хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан байгаа. 

Мөн энэ хуулинд оюуны өмчийг үнэлгээжүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахтай холбоотой зохицуулалтууд орсон. 

Оюуны өмч бүтээхийг урамшуулах, хамгаалах, үнэлэмжийг өсгөхийн зорилго нь түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оршдог.

Оюуны өмчийг Эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ? 

Гол ажиллагаа бол оюуны өмчийн үнэлгээг тогтоолгох.Тухайлбал,  А гэдэг хүн шинээр бал зохион бүтээж түүнийгээ бүртгүүлэн зохиогчийн эрхийн патент авлаа гэж бодъё. Ингэснээр А иргэн зах зээлд эргэлтэнд орж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ (бал) патентыг барьцаалж зээл авах, даатгалд хамрагдах зэрэг давуу талтай болж байна гэсэн үг. Гэхдээ тухайн оюуны өмчит бүтээлийн үнэлгээг зөв тогтоох нь хамгийн чухал. 

Нөгөө талаараа энэ хуулиар франчайзын гэрээнүүдийг  оюуны өмчийн газар бүртгэдэг болж байгаа. Гадны маш олон франчайзууд монголд орж ирж байна. Тэдгээрийг бүртгэдэг ямар нэгэн бүртгэлийн албан ёсны газар байгаагүй. Одооноос албан ёсоор оюуны өмчийн газар дээр энэ бүртгэл ирж байгаа. Өмнө нь лицензийн гэрээг л оюуны өмчийн газар бүртгэдэг байсан.

-Энэ жилийн хувьд “Дэлхийн оюуны өмчийн өдөр”-ийг Ногоон ирээдүйн төлөө инновацийг бүтээе”  гэсэн уриан дор тэмдэглэж байна. Манай улсын хувьд оюуны өмчийг хамгаалах өдөр энэ уриатай хэрхэн холбогдох ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? 

Энэ жилийн хувьд өвчлөл гарсантай холбогдуулан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулаагүй. Өнгөрсөн 2019 онд хийгдсэн үйл ажиллагаануудаа тайлагнах, уриатай холбоотой шторкуудыг бэлтгэн олон нийтийн сүлжээнд цацсан үйл ажиллагаануудыг хийж байна. 

-Монгол Улсад оюуны өмчийн хяналт, хяналтын тогтолцоо ямар түвшинд байна вэ?

Зөрчлийн тухай хуулиар зохицуулалт хийж ажиллаж байна.2017 оноос өмнө захиргааны хариуцлагын тухай хуулиар зохицуулж байсан. Мөн тухайн патентийн тухай хууль, зохиогчийн тухай хуулиудад заасан тодорхой санкцаар нь хариуцлагаа ногдуулж явдаг байсан.

Харин 2017 оны долоо дугаар сараас зөрчлийн тухай хуулиар оюуны өмчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Патентийн эрхийн тухай хууль, бараа тэмдгийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн хуулиар хариуцлага ногдуулна. 

Зөрчлийн хуулиар зохицуулалт хийгддэг болсноос хойш энэ хууль улам чангарсан. Оюуны өмчийг зөрчсөн иргэн аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж торгууль шийтгэл ногдуулах нь нэмэгдсэн. Зөрчлийн хуулиа дагаад прокурорын хяналтанд орсон. Прокурорын хяналтанд орсноор энэ хуулийг хэрэгжүүлэхэд нилээн түлхэц болсон. 

Оюуны өмчийг зөрчихгүй байх, урьдчилан сэргийлэх, оюуны өмчийн тухай мэдлэг олгох ажлуудыг өнгөрсөн 2019 онд хийсэн. Үүнийхээ хүрээнд оюуны өмчтэй холбоотой сургалтуудыг энгийн иргэнээс эрдэмтэн багш хүртэл бүхий л түвшний иргэдэд зохион байгуулсан. Сургалтын дараа оюунаа өмчийн бүртгэл ихээр нэмэгдсэн. Хяналтын тогтолцоо таван байцаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид Оюуны өмчийн тухай хуульд заагдсанаар орон нутагт нэг нэг байцаагчтай болно. 

-Ихэвчлэн ямар зөрчлүүд дээр гомдлууд ирдэг вэ?

Нийт зөрчлийн 65 орчим хувь нь зохиогчийн эрхийн тухай зөрчил байдаг. Үлдсэн 45 хувь нь аж үйлдвэрийн өмчийн зөрчил. Аж үйлдвэрийн өмч дундаа 40 орчим хувь нь барааны тэмдгийн зөрчил байдаг. Сүүлийн үед гар ариутгагч бодисын сав боглоог дуурайсан зөрчлүүд нэмэгдэж байна. 

-Брэнд лого авсан хэр нь түүнийгээ ашиглахгүй байх явдал хэр гарч байна?

Тийм тохиолдол олон. Тус барааг нь буцаагаад хүчингүй болгох хуулийн зохицуулалтыг бараа тэмдэг газар зүйн байршлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөнд оруулсан байгаа. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт УИХ-д өргөн баригдсан байгаа.Ямар нэгэн үйлчилгээнд тухайн бараа тэмдэгээ 3-5 жил ашиглаагүй байвал оюуны өмчийн газраас хүчингүй болгоно. 

-Өргөдөл, гомдол гаргалаа гэхэд танайх хэдий хэр хугацаанд шийдвэрлэдэг вэ?

Нийт 58 хоног. Наад талын хугацаа нь 14 хоног. 14 хоногийн хугацаандаа шийдвэрлэж амжихгүй байвал дээд шатны байцаагч, эрх мэдэл бүхий удирдлагаас нь дахиад14 хоног сунгаж өгнө. Ингээд ч шийдэх боломжгүй олон хоног шалгах шаардлага гарвал прокуророос дахиад 30 хоног нэмж өгнө. Ингээд нийт 58 хоногийн хугацаанд хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.

Монголд сүүлийн үед кинотой холбоотой оюуны өмчийн  хулгайн зөрчил харьцангуй гайгүй болсон юм шиг анзаарагдаж байна. Кинотой холбоотой зөрчлүүд хэр багассан бэ?

2014 оноос Монголын телевизийн сувгуудад Оюуны өмчийн газар, болон Харилцаа холбооны зохицуулах хорооны газар хамтран хяналт шалгалт хийж эхэлсэн. Үүнээс хойш жил болгон шат дараалалтайгаар хамтарсан шалгалт хийсний үр дүнд өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн зөрчил эрс багассан. Эрс гэдэг нь 60 70 хувиар буурсан гэсэн үг. Сувгийн телевизүүдийн зөрчил одоо байх нь байгаа. Гэхдээ гомдлоор үүсч байгаа үед л шалгаж байгаа. Намраас сувгийн телевизүүдийн шалгалт хийгдэнэ. Энэ жил зөвхөн дамжуулан түгээдэг буюу IPTV кабелын телевизүүдэд шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа. Одоохондоо дүн мэдээ нь гараагүй байна. 

                                         Эх сурвалж:http://ubn.mn/r/2972?fbclid=IwAR1FyLuZNMU-CHAC4WyMjG-HWNuM7x3ML6RwoQ_W4PSfRi2F9mo2lhkN58w

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

IPOM COPYRIGHT

Зохиогчийн эрхийн хайлтын систем

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв (TISC)

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо

Байршил: БЗД 3-р хороо, этө-30

Зохиогчийн эрхийн хэлтэс-329273

Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс-316454

Хяналтын хэлтэс-329671

Бичиг хэрэг-327638

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018