Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Оюуны өмчийн байгууллагын түүхэн замнал

  • 2020-05-25
  • 127

Монгол Улсын Оюуны өмчийн байгууллага үүсч хөгжсөн нь:

Үүсэл хөгжлийн эхэн үе:

Монголын ард түмэн олон зуун жилийн тэртээгээс оюуны бүтээл, туурвилаа хойч үеийнхэндээ уламжлуулан үлдээж, арвижуулан баяжуулж, оюуныхаа үнэт бүтээлүүдийг жинхэнэ утгаар нь хамгаалж, мөн тэрчлэн дэлхийн бөмбөрцгийн улс гүрнүүдийн нэгэн адил бусдад түгээж, мөн бусдаас авч хэрэглэсээр ирсэн байдаг. Дэлхийн улс орнуудад оюуны бүтээлийг хамгаалах чиглэлээр хийгдэж эхэлсэн зарим ажлаас дурьдвал 1421 онд Флоренцид шинэ бүтээлд анх удаа патент олгож байсан бол патентийн тухай анхны хууль 1474 онд Венецид гарсан зэрэг оюуны бүтээлийг хамгаалахад чиглэгдсэн анхны оролдлогууд оюуны өмчийн үүсэл, хөгжлийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

1883 оны 3 дугаар сарын 20-нд Парис хотноо "Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын Конвенц" байгуулж энэ конвенцид Бельги, Бразил, Испани, Франц, Гватемал, Итали, Голланд, Португали, Сальвадор, Серби, Швейцар зэрэг анх 11 орон гарын үсэг зуржээ. Харин 1884 онд Англи, 1887 онд АНУ , 1894 онд Дани түүнээс хойш бусад улсууд энэ Конвенцод нэгджээ. Мөн 1886 онд "Утга зохиол, уран сайхны бүтээлийг хамгаалах тухай Берний конвенц" байгуулагдсанаар олон улсын хэмжээнд оюуны өмчийг хамгаалах эрх зүйн тогтолцоо үүссэн түүхтэй.

Монгол Улсад анх дэлхийн улс гүрнүүдийн нэгэн адил оюуны бүтээл, оюуны бүтээлийг бүртгэх, хамгаалах тусгай байгууллага мөн л хожим үүссэн түүхтэй. Манай Улсын Оюуны өмчийн байгууллагын үүсэл, хөгжлийн түүх нь энэ ажлын эрх зүйн тогтолцооны үүсэлтэй нягт уялдаатай эхэлсэн байдаг юм.

Оюуны өмчийг хамгаалах эрх зүйн үндэс Монгол улсад анх үүссэн нь:

Оюуны өмчийг хамгаалах эрх зүйн үндэс Монгол улсад албан ёсоор 1944 оноос эхэлсэн гэж үзэх бөгөөд анх Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар хурлын тогтоолоор " Шинэ юм зохион олох ба үйлдвэрт оновчтой сайн санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай заавар " батлан гаргасан нь Оюуны өмчийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох шинэ бүтээл, оновчтой саналын зохиогчдын эрхийг хамгаалах, зохиогчийн оюуны хөдөлмөрийг үнэлэх талаар БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлөөс гаргасан анхны баримт бичиг юм.

Харин оюуны өмчийн харилцааны асуудлыг зохицуулах анхны хууль нь 1952 онд батлагдан гарсан байна. Тухайлбал БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1952 оны 5 дугаар сарын 27-ны 38 дугаар зарлигаар батлагдсан БНМАУ-ын Иргэний хуулийн 27 дугаар бүлгийн 269-298 дугаар зүйлээр иргэдийн бүтээн туурвисан оюуны бүтээлийг туурвих, ашиглах хийгээд бусад бүхий л асуудлыг зохицуулах болсон байна.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1960 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 237 дугаар тогтоолоор " Нээлт, шинэ бүтээл оновчтой саналын дүрэм, заавар" -ыг шинээр батлан гаргажээ.

Монгол Улсад Оюуны өмчийн асуудал эрхлэх байгууллага үүсч хөгжсөн нь:

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1960 оны 237 дугаар тогтоолоор шинэ бүтээл, оновчтой санаачлагын ажлыг удирдаж байх улсын комиссыг анх байгуулсан бөгөөд энэ нь оюуны өмчийн асуудал эрхлэх төрийн захиргааны төв байгууллага юм. Энэхүү тогтоолоор шинэ бүтээл, оновчтой санаачлагын ажлыг удирдаж байх Улсын комиссыг байгуулсан байна.

БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1960 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 237 дугаар тогтоолоор " Нээлт, шинэ бүтээл оновчтой саналын дүрэм, заавар " -ыг шинээр батлан гаргасантай холбогдуулан шинэ бүтээл, оновчтой саналын асуудал эрхлэх салбар комиссуудын дүрэм, нээлт, шинэ бүтээл, оновчтой санал нэвтрүүлснээс олох хэмнэлтийг тооцох зааврыг батлан гаргах, шинэ бүтээл, оновчтой саналыг тал бүрээс нь судлаж, техник-эдийн засгийн тооцоог гарган, тэдгээрийг үйлдвэрлэлд цаг тухайд нь нэвтрүүлэн хэрэгжүүлэх боломжийг магадлан шалгах комиссыг зохих мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулах эрхийг Улсын комиссын даргад хариуцуулжээ.

Шинэ санаачлагын ажлыг эрчимжүүлэх ялангуяа шинэ санаачлагыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд салбарын яам аймаг хот, үйлдвэр аж ахуйн газрын үүрэг, тэднээс хийх ажлын чиглэл заагийг тогтоож өгөх талаар онцгойлон анхаарч энэ чиглэлээр БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс 1960, 1961, 1963 онуудад гаргасан дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор 1963 онд Шинэ санаачлагын улсын комиссоос шинийг санаачлагчдын улсьн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан нь тухайн үедээ шинэ санааачлагын ач холбогдлыг нийтэд таниулах, шинэ санаачлагын хөдөлгөөнийг хот, хөдөөд өрнүүлэхэд үлэмж ач холбогдлоо өгсөн арга хэмжээ байжээ.

  • шинэ бүтээл, оновчтой санал /ШБОС/-ын улсын болон салбарын үзэсгэлэн гаргах
  • шинийг санаачлагчдын улсын анхдугаар зөвлөгөөн зохион байгуулах,
  • шинийг санаачлагчдыг урамшуулан шагнах,                               
  • шинэ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтэрүүлэх ажлыг төлөвлөгөөний үндсэн дээр удирдан чиглүүлэх, хяналт тавих,
  • шинэ бүтээл, оновчтой саналын улсын бүртгэлийг нэгтгэн хөтлөх,
  • Улсын тайлан мэдээ гаргах,

зэрэг ажлуудыг эхлүүлэн гүйцэтгэж эхэлсэн нь шинэ санаачлагын ажлыг өрнүүлэхэд нэн чухал ач холбогдолтой болж улмаар нэгтгэн дүгнэж үзвэл 1960-1963 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс авч хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээ, ажлын чиглэл нь оюуны өмчийн байгууллагын үүсэл, хөгжлийн эхлэл, цаашдын ажлын үндсэн чиглэлийг тавьж өгснөөрөө нэн ач холбогдолтой шийдвэрүүд байсан юм.  

Шинэ бүтээл, оновчтой саналын талаар төрөөс авч хэрэгжүүлсэн дараагийн нэг чухал арга хэмжээ нь БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1965 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 104 дүгээр тогтоолын 7 дугаар заалтаар шинэ техник нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн дамжлагыг механикжуулах, үйлдвэрлэлийн технологийг сайжруулах шинэ бүтээл, оновчтой саналыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхтэй холбогдсон арга хэмжээг төлөвлөх ба төсөв, санхүүгийн тооцоог баталж холбогдох сангаас энэ үйл ажиллагаанд хөрөнгө зарцуулж байх эрхийг Яамдын сайд, тусгай газрын дарга, аймгийн захиргааны дарга нарт олгосон явдал юм.

Энэ нь салбар, орон нутагт техникийн бодлого явуулах тухайлбал үйлдвэрүүдийн техник технологийг шинэчлэх, шинэ бүтээл, оновчтой саналыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд салбарын яам, газар, аймаг хотын захиргаадын оролцоо, бие даасан байдлыг нэмэгдүүлж улмаар энэ ажилд хөрөнгө зарцуулах эрх мэдлийг нь  өргөтгөж өгснөөрөө нэн ач холбогдолтой шийдвэр болж тэднээс дээрх ажилд өөрсдийн мэдлийг төвлөрсөн хөрөнгөөс зарцуулах эрх олгосон нь ШБОС-ыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд учирч байсан хамгийн бэрхшээлтэй асуудлыг нь шийдвэрлэж өгсөн явдал юм.

Ийнхүү 1963 оноос оюуны өмчийн эрх зүйн харилцааг БНМАУ-ын Иргэний шинэчилсэн хуулиар зохицуулах болсонтой уялдуулан энэ суурь хуулийн дараа шинэчлэн гаргасан тус Улсын иргэний харилцааг зохицуулах бусад салбар хуулиуд тухайлбал: Хөдөлмөрийн эрүүгийн байцаан шийтгэх хуулиудын зохих зүйл ангиудад тусгаж өгсөн нь шинийг санаачлагчдын эрхэд хамаарах асуудлыг элдэв гажуудлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар төрөөс авч хэрэгжүүлсэн бодлогын нэн чухал асуудал, ач холбогдолтой арга хэмжээ мөнийг цохон тэмдэглэх хэрэгтэй юм.

Шинийг санаачлагчдын оюуны хөдөлмөрийн харилцааг зохицуулахтай холбогдсон эрх зүйн асуудлыг дүрэм, зааврын түвшингээс дээшлүүлэн хуулийн статустай болгосон нь оюуны хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих, оюуны үнэт зүйлийг бүтээгчдийн эрх ашгийг хамгаалахад дээрх хуулиудын зохих зүйл ангиудад оруулсан заалт нь үйлдвэрлэлийн анхан шатны нэгжид шинийг санаачлах хөдөлгөөнийг өрнүүлэх, тэдний үндсэн эрх ашгийг хамгаалахад хувь хүн, хуулийн этгээдийн эрх үүргийг нарийвчлан тусгаж өгчээ.

БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 185 дугаар зүйлд үйлдвэрчний эвлэлийн хорооны эдлэх эрх гэсэн хэсэгт шинэ бүтээл, оновчтой санал өрнүүлэхэд бүх аргаар туслалцан, батлагдсан шинэ бүтээл, оновчтой саналыг цаг тухайд нь нэвтрүүлж байгаа эсэхийг хянаж, оновчтой саналыг хэрэгсэхгүй байгаа тухай ажилчин, албан хаагчдын гомдол, түүнчлэн нэгэнт баталсан шинэ бүтээл, оновчтой саналын шагналыг бодох журам, гарсан гомдлыг үйлдвэр, албан газар, байгууллагын захиргаатай хамтран хянан үзэж байх эрхийг бүх шатны байгууллагын үйлдвэрчний эвлэлийн хороодод олгож байсан байна.

Мөн түүнчлэн БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлд заахдаа: Бусдын нээсэн, бүтээсэн зүйл, шинэ санаачлагыг эзэмших, нээсэн бүтээсэн зүйл, шинэ санаачлагыг гаргахад хамтран оролцоогүй атлаа зохиосон эрх эзэмших, түүнчлэн хамтран зохиогчоор оролцуулахыг тулган шаардах, дээр дурьдсан зүйлүүдийн агуулгыг зохиогчийн зөвшөөрөлгүй урьдчилан тараах, зохион бүтээсэн зүйл ба шинэ санаачлагыг авч хэлэлцэх, нэвтрүүлэн хэрэглэх явдалд хүнд суртал гаргах, түүнийг нэвтрүүлснээс олсон хэмнэлт ба зохиогчид олгох шагналыг зориуд буруу гаргавал 1 жил 6 cap хуртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх буюу 2000 төгрөг хүртэл торгох, эсвэл 1 жил хүртэл хугацаагаар хорьж шийтгэхээр заажээ .

Аж үйлдвэрт шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрлэх журмын тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1970 оны 6 дугаар сарын 25-нд 185 дугаар тогтоол гаргаж шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг зохион бүтээх, турших ажлыг эрчимжүүлэхэд анхаарах үүднээс энэ ажлыг шинэ санаачлагын фонд, үйлдвэрийн газрын фонд, үйлдвэрлэл хөгжүүлэх фонд болон яамдын төвлөрсөн фондоос зарцуулсан хөрөнгийг шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулснаас олсон ашгаас нөхөн арвижуулж байхаар тогтоож өгсөн нь энэ ажлыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх ажлын эхлэл, шинэ нөөц боломж эрэлхийлсэн алсын хараатай шийдвэр байв.

БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1970 оны 12 дугаар сарын 31-ны 415 дугаар тогтоолоор "Нээлт, шинэ бүтээл, оновчтой саналын дүрэм"-ийг шинэчлэн батлан гаргаж 1971 оноос Шинэ бүтээл, оновчтой саналын ажлыг удирдан зохион байгуулах үүргийг Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд хариуцуулж тус хороонд шинэ бүтээл, оновчтой саналын тасаг байгуулсанаар шинэ санаачлагын улсын комиссын ажлыг шилжүүлэн өгчээ.

Шинэ бүтээл, оновчтой саналын ажлын цар хүрээ өргөжихийн хэрээр энэ ажлын удирдлага зохион байгуулалтад өөрчлөлт оруулж ШБОС-ын ажлыг яамдад үйлдвэрлэл эрхэлсэн орлогч сайд, аймаг, нийслэлд Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1 дүгээр орлогч дарга нарын эрхлэх ажилд хамааруулж аймаг, яам, нийслэл, үйлдвэрлэлийн нэгдлүүдэд шинэ санаачлагын ажил хариуцсан мэргэжилтэн ажиллуулах болж улмаар 1973 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооны шинэ бүтээл оновчтой саналын тасгийг өргөжүүлэн хэлтсийн зохион байгуулалтанд шилжүүлсэн байна.

Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны ШБОС-ын тасгийн болон хэлтсийн анхны даргаар инженер, патент судлаач Я.Цэнд-Аюуш 1971-1977 онуудад ажиллаж байжээ. Мөн хэлтсийн даргаар Я.Цэнд-Аюушийн дараа инженер, патент судлаач Г.Цог 1977-1979, инженер Ц.Хасбаатар 1979-1984, инженер К.Авирмэд 1985-1989, инженер, патент судлаач, доктор, профессор З.Намжил 1989-1990 хүртэл тус тус ажиллаж байгаад Төрийн захиргааны бүтцийн өөрчлөлтийн дагуу 1990 оны 10 дугаар сарын 16-нд үндэсний хөгжлийн яамны бүтцэд Патент, барааны тэмдгийн газар байгуулагдан даргаар нь инженер, патент судлаач Д.Дэмбэрэл томилогдон 1996 оны 08 дугаар сарын 01 хүртэл ажиллаж 1996 оны 08 дугаар сарын 01-нээс хуульч Н.Чинбат 1996-2016 он хүртэл ажилласан.

Шинийг санаачлагчын ажлын удирдлагыг сайжруулах талаар гаргасан дээрх шийдвэрүүд нь Патентийн тухай хууль гартал хэрэгжиж зохих үр дүнгээ өгсөн байна.

Шинэ санаачлагын ажлыг хөгжүүлэх талаар гаргасан дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх хүрээнд яам тусгай газар ба үйлдвэр, албан байгууллагын шинэ бүтээл, оновчтой санал, патент, лицензийн ажлын үлгэрчилсэн дүрмүүд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шинэ бүтээл, оновчтой саналын улирлын тайлан гаргах заавар, анхан шатны бүртгэл хөтлөх журам зэрэг 10 гаруй заавар, журмуудыг Шинжлэх ухаан, техникийн улсын хорооноос холбогдох яамдтай хамтран бэлтгэж батлан мөрдүүлсэн байна.

Шинийг санаачлагч энгэрийн тэмдгийг БНМАУ-ийн сайд нарын зөвлөлийн 1963 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаар тогтоолоор анх буй болгож мөн онд зохион байгуулсан Шинийг санаачлагчдын улсын анхдугаар зөвлөгөөнийг тохиолдуулан улсын шилдэг тэргүүний 260 хүнийг шагнасан байна. Энэ нь шинийг санаачлах хөдөлгөөнийг өрнүүлэх, хөдөлмөрчдөөс шинэ зүйлийг сэдэж санаачлах улмаар түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чармайлт гаргах, үр шимийг нь хүртэх тэрчлэн хамтарч шинэ санаачлага гаргах зэрэг үйл ажиллагаа эрчимжиж энэ нь үйлдвэр, салбарын гар хөдөлмөрийг механикжуулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон байна. Түүнээс хойш одоог хүртэл 700 гаруй хүн энэ тэмдгээр шагнагджээ.

БНМАУ-ын төв хорооны улс төрийн товчооны 1971 оны 189 дугээр тогтоол, БНМАУ-ын  Ардын их хурлын тэргүүлэгчдийн 173 дугаар зарлигийг үндэслэн 24, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1971 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 305 дугаар тогтоолоор Шинжлэх ухаан, Техникийн улсын хороог байгуулж энэхүү хороонд сайд нарын зөвлөлийн дэргэдэх эрдэм шинжилгээний ажлыг зохицуулах зөвлөл, улсын стандарт хэмжүүр ба хэмжих хэрэгслийн хэрэг эрхлэх газрын шинэ бүтээл, оновчтой саналын хэлтсийн үүргийг БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд эрхлүүлсэн байна.

Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл байгуулагдан энэ зөвлөлийн орнуудын эдийн засгийн харилцаа ялангуяа эдгээр орнуудын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа эрчимжиж байгаатай уялдан шинжлэх ухаан, техникийн дэвшил ололт тэрчлэн түүнийг тэтгэгч үндсэн хөдөлгүүр нь болсон шинжлэх ухааны онол, шинэ технологи түүнд тулгуурласан техникийн ололтуудыг сэдэж бүтээн бий болгогч эрдэмтэд, зохион бүтээгчдийн үйл ажиллагааг цаашид хөгжүүлэх шаардлагын үүднээс монгол улс Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл- д гишүүнээр элсч энэ үүргийг Монгол улсын нэрийн өмнөөс гүйцэтгэх төрийн төв байгууллагыг БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дэргэд байгуулсан нь шинжлэх ухаан, техникийн дэвшлийн хурдац нэмэгдэхийн хэрээр дэлхий нийтийн жишгийн дагуу оюуны бүтээл туурвигчид ялангуяа нийгмийн үйлдвэрлэлийн хөгжлийн хурдацыг нэмэгдүүлэхэд эрдэмтэд, авъяаслаг шинийг санаачлагчдын гүйцэтгэх үүрэг маш хурдацтай өсч байгаатай уялдсан арга хэмжээ болсон юм.

Шинжлэх ухаан техникийн улсын хороо энэ салбарт мэргэшлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор Москва хот дахь Патентийн ажилтны мэргэжил дээшлүүлэх төв Институт болон Патентийн ажилтны дээд курст техникийн ухааны дээд мэргэжилтэй хүмүүсийг салбар бүрээс явуулж сургасан нь патентийн ажлын цаашдын хөгжилд зохих түлхэц болсон байна.

Шинжлэх ухаан техникийн улсын хороо шинэ бүтээл, оновчтой саналын ажлын удирдлагыг сайжруулах талаар дараачийн алхамыг хийж 1975 онд Шинэ бүтээл, оновчтой саналын ажлын удирдлагыг цаашид сайжруулах зарим арга хэмжээний тухай БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 273 дугаар тогтоол гаргаж энэхүү тогтоолоор ШБОС-ын ажлын салбарын удирдлагыг сайжруулах талаар чиглэл өгч улмаар ШБОС үзэсгэлэнгүүдэд тавигдсан шинэ бүтээл оновчтой саналуудыг салбар салбараар нь судлаж жил бүрийн улсын төлөвлөгөөнд тусгаж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулан, энэхүү тогтоолын хүрээнд 1978 оноос эхлэн улс ардын аж ахуйд нэвтрүүлэх ШБОС-ын жагсаалтыг батлан гаргаж гүйцэтгэлд нь хяналт тавьдаг тогтолцоо бий болжээ.

Энэ арга хэмжээний үр дүнд шинийг санаачлагчдын бүтээлээр хот, хөдөөд үйлдвэрийн цех дамжлага шинэчлэгдэн тоноглогдож улмаар тэдний бүтээлийг нэвтрүүлэх зориулалт бүхий цех, хэсэг, хамтлагууд шинээр үүсэн бий болж энэ үлдсэн дээр шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн тухайлбал мал, амьтны арьс шир боловсруулах, амьтан, ургамлын гаралтай хүнсний болон эм, эмчилгээний хийгээд барилгын ажлын зориулалттай шинэ материал, түүхий эд, багаж хэрэгсэл, бага оврын машин төхөөрөмж зохион бүтээгдэн үйлдвэрлэлд нэвтрэх явдал эрс нэмэгдсэн байна.

Шинжлэх ухаан, техникийн улсын xoлбoo  Засгийн газраас өгөгдсөн үндсэн үүргийн дагуу ШБОС-ын ажлыг төрийн удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгож бэхжүүлэх, шинийг санаачлах хөдөлгөөнийг өрнүүлэх үйл ажиллагаандаа олон нийтийн байгууллагуудийн хүчин чармайлтыг чиглүүлэн тэдгээр байгууллагуудтай хоёр талын болон олон талын хамтьн ажиллагааг өрнүүлэх талаар чухал алхам хийсэн нь ач холбогдолоо өгч тодорхой үр дүнд хүрсэн байна.

Тухайлбал: Монгол ардын хувьсгалт намын төв хорооны V бага хурал /1968 он/-ын шийдвэрийн дагуу "Шинийг санаачлагчдын хөдөлгөөнийг өрнүүлэхэд Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үүргийг дээшлүүлэх тухай"  Төв хорооны улс төрийн товчооны 1972 онд тогтоол гаргаж шинийг санаачлагчдын нийгэмлэг байгуулахыг МҮЭ-ийн төв зөвлөлд зөвшөөрсний дагуу уул нийгэмлэгийг 1974 онд байгуулжээ.

Тус нийгэмлэгийн зөвлөлийн даргаар 1974 —1980 онд Д.Самбуу, 1980-1984 он хүртэл Ш.Ялалт нар сонгогдон ажиллаж байсан ба тэрээр Зүүнхараа /Мандал сум/ хотод телевизийн дамжуулах анхны станц зохион бүтээж ажиллуулж байсан ба 1990 оноос MONEL хувийн пүүс байгуулж бага оврын өнгөт зурагт радиог анх Монгол улсад угсран худалдаанд нийлүүлж байсан ба одоо түүний MONEL барааны тэмдгийг Номин пүүс ашиглаж байна.

 

Оюуны өмчийн хөгжлийн өрнөлийн үе:

Монгол Улс 1979 онд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагад /ДОӨБ/ гишүүнээр элсэн орсноор манай улс оюуны өмчийн асуудлаар ДОӨБ болон дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах боломж нээгдэж эхэлсэн байна.

Тухайлбал 1980-1990 онуудад оюуны өмчийн асуудал, патентийн мэдээллийн чиглэлээр үндэсний семинарыг Монгол Улсад зохион байгуулж тэрчлэн олон улсын байгууллагын шугамаар зохион байгуулагддаг семинар, дамжааны сургалтад оролцох боломж нээгдэж эхэлсэн байна. НҮБ-ийн төрөлжсөн 16 байгууллагын нэг болох ДОӨБ-д Монгол Улс нэгдэн орсноор тус байгууллагын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг 4 үндсэн олон улсын гэрээ, хэлэлцээрүүдэд 1971-1991 онд нэгдэн оржээ. Үүнд:

  1. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын гишүүн 1979.02.28
  2. А ж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн Конвенц 1985.04.21
  3. Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр 1985.04.21
  4. Патентийн хамтын ажиллагааны олон улсын гэрээ /РСТ гэж нэрлэдэг/ 1991.05.27 1991 онд Патентийн хамтын ажиллагааны олон улсын гэрээнд нэгдэн орсноор Монгол улсад гадаадын шинэ бүтээлийн олон улсын мэдүүлэг бүртгэж эхэлсэн.

Өнөөдөр байдлаар Монгол Улсын Оюуны өмчийн газар, ДОӨБ, Европийн патентийн байгууллага, ОХУ-ын Еренхийлөгчийн дэргэдэх Оюуны өмчийн газар, БНХАУ-ын Оюуны өмчийн газар, БНСУ-ын Оюуны өмчийн газруудтай хоёр талын гэрээ хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Монгол Улс Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын гишүүн болсноор тус улсын Оюуны өмчийн байгууллагын болон яам тусгай газар, их дээд сургуулийн оюуны өмчийн асуудал хариуцсан ажилтнууд Ази номхон далайн бүсийн орнуудын оюуны өмчийн байгууллагуудын туршлагыг судлах, семинар уулзалт, сургалтанд оролцох ажил хүрээгээ тэлж энэ чухал арга хэмжээнүүдэд оролцсоор байна.

Монгол Улсад эрх хамгаалагдсан шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгүүдийн тухай албан ёсны мэдээлэлүүдийг 1960-1993 оныг дуустал Техник, технологийн мэдээ, 1994 оноос Патентийн мэдээлэл, 1997 оноос Оюуны өмчийн мэдээлэл сэтгүүлүүдэд зарлан нийтэлж байгаа бөгөөд эдгээр сэтгүүлүүд нь тус улсын патентийн албан ёсны хэвлэл гэж дотоод гадаадад нэрлэгддэг байна. Монгол Улс ДОӨБ-д гишүүнээр элссэнээр тус байгууллагын зөвлөмж, санхүүгийн дэмжлэгтэйгээр Патентийн тухай ба Зохиогчийн эрхийн тухай хуулиудын төслийг боловсруулан бэлтгэж улмаар патентийн эрхийн асуудал эрхлэх үндэсний байгууллага болох Патентийн газрыг 1990 оны 10 дугаар сарын 16-нд үндэсний хөгжлийн яамны харъяанд байгуулж, улмаар энэ газар нь 1991 оны 4 дүгээр сарын 1-нээс өөрөө өөрийгөө санхүүжүүлэх байдлаар биеэ даасан агентлаг болон ажиллаж эхэлсэн байна.

Энэ үеийг хүртэл оюуны өмчийн байгууллагыг 1960-1970 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын стандарт, Хэмжүүрийн Хэрэг Эрхлэх Газрын дарга хавсран удирдаж, 1971-1990 оныг хүртэл Шинжлэх ухаан, техникийн улсын хороо, Шинжлэх ухаан, техник дээд боловсролын улсын хороо, Техникийн дэвшил, стандартчиллын улсын хороонд хэлтсийн зохион байгуулалттайгаар ажиллаж ирсэн байна.

Монгол Улсад 1992 онд баталсан тус Улсын үндсэн хуульд оюуны бүтээл, туурвилыг хамгаалах талаар тусгай зүйл, заалт оруулж, иргэний туурвисан оюуны үнэт зүйлийг үндэсний баялаг хэмээн үзэж түүний зохиогчийн эрхийг үндсэн хуулиар хамгаалахаар заасан нь асар их ач холбогдолтойг тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм. Оюуны өмчийг хамгаалах талаар Монгол Улсын Үндсэн Хуульд дараах заалтуудыг тусгажээ. үүнд:

Нэгдүгээр бүлэг Монгол Улсын бүрэн эрхт байдал

... Долдугаар зүйл

  1. Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.
  2. Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн.

Хоёрдугаар бүлэг Хүний эрх, эрх чөлөө

 ... Арван зургадугаар зүйл

Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

 ...8/ соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална...гэжээ

Монгол Улсын шинэ үндсэн хуулийн энэхүү үзэл баримтлалыг үндэслэн манай улс оюуны өмчийн багц хуультай орон болсон байна. Үндсэн хуулийн энэхүү үзэл санааны дагуу Монгол улс Патентийн, Зохиогчийн эрхийн, Барааны тэмдгийн бие даасан хуулиудтай болсны зэрэгцээ Иргэний, Эрүүгийн, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, Тэмдэгтийн хураамжийн, Хүн амын орлогын албан татварын, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиудын зохих зүйл ангиудад оюуны өмчийн асуудлуудыг тусгайлан тусгаж өгсөн байдаг. Оюуны бүтээлийг хамгаалах талаар тусгай зүйл Үндсэн хуулиндаа зааж тусгасан цөөн орны тоонд Монгол Улс зүй ёсоор багтдаг байна. ДОӨБ-ын санал зөвлөмжийн дагуу Зохиогчийн эрхийн газрыг 1994 онд Соёлын яамны бүтцэд байгуулсан байна. Зохиогчийн эрхийн газрын даргаар 1994-1996 онд хуульч С.Жамбалдорж томилогдон ажиллаж байжээ. Патентийн газар, Зохиогчийн эрхийн газрыг 1996 оны 297 дугаар тогтоолоор нэгтгэн Оюуны Өмчийн Газрыг патентийн, Зохиогчийн эрхийн, Захиргааны хэлтэстэйгээр анх удаа нэгтгэн байгуулж бүтцийн шинэ зохион байгуулалтад орсон нь МҮБ болон дэлхийн улсуудын оюуны өмчийн байгууллагуудын бүтцийн тогтолцоонд нийцүүлсэн арга хэмжээ байлаа.

Оюуны өмчийн газрын даргаар Монгол Улсын Их сургуульд багш, Улсын Дээд Шүүхийн орлогч дарга, Улсын Их Хурлын даргын зөвлөхөөр ажиллаж байсан Н.Чинбатыг томилогдсон. /1996-2016 он/

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” болгон өөрчилсөн бөгөөд Улсын Их Хурлын 2018 оны “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 31 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” 175 дугаар тогтоолоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж тус тус байгуулж даргаар Э.Эрдэнэсүрэн /2018.06-2019.09/, 2020 оны 2 дугаар сараас Ц.Азбаяр томилогдон ажиллаж байна.   

Шинээр агентлаг байгуулсантай холбогдуулан ХЗДХСайдын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/103 дугаар тушаалаар Оюуны өмчийн газар болгон өөрчилж байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагчдыг Төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд үлдээх саналыг хүргүүлсэн.

2018 оны 06 дугаар сарын 21-ны ХЗДХСайдын А/123 тушаалаар Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа, стратеги, зохион байгуулалтын хөтөлбөр бүтцийг батлах тухай тушаалын дагуу одоо үйл ажиллагаагаа явуулж байна.

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан  “Оюуны өмчийн тухай “ хууль 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд үүнийгээ дагаад оюуны өмчийн багц хуулиудад нэмэлт өөрчлөлт орохоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 

 

 

IPOM Publish

АҮ-ийн өмчийн мэдээллийн сан

IPOM e-Filing System

Цахим мэдүүлэг

IPOM COPYRIGHT

Зохиогчийн эрхийн хайлтын систем

MGS

Бараа үйлчилгээний ангилал

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Технологи ба Инновацийг Дэмжих төв (TISC)

Хамтын Удирдлагын Байгууллага

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид

Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбоо

Байршил: БЗД 3-р хороо, этө-30

Зохиогчийн эрхийн хэлтэс-329273

Аж үйлдвэрийн өмчийн хэлтэс-316454

Хяналтын хэлтэс-329671

Бичиг хэрэг-327638

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018