Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг

МУЗГ

Оюуны Өмчийн
газар

Бүтээгдэхүүний загварын олон улсын ангилал тогтоох тухай Локарногийн хэлэлцээр

  • 2019-05-24
  • 15

Бүтээгдэхүүний загварын олон улсын ангилал тогтоох тухай Локарногийн хэлэлцээр

БYТЭЭГДЭХYYНИЙ ЗАГВАРЫН ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ ТОГТООХ ТУХАЙ ЛОКАРНОГИЙН ХЭЛЭЛЦЭЭР

1968 оны 10 дугаар сарын 8-д гарын үсэг зурсан,
1979 оны 9 дүгээр сарын 28-д нэмэлт, өөрчлөлт оруулсан

Нэгдүгээр зүйл
Тусгай холбоо байгуулах: Олон улсын ангиллыг хүлээн зөвшөөрөх
1. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлж буй орнууд Тусгай холбоо байгуулна.
2. Орнууд бүтээгдэхүүний загварын нийтлэг ангиллыг хүлээн зөвшөөрнө. /цаашид "олон улсын ангилал" гэнэ/
3. Олон улсын ангилалд дараах зүйлийг багтаана.Yүнд:

(i.) Анги болон дэд ангийн жагсаалт
(ii.) Бүтээгдэхүүний загварыг агуулсан барааны цагаан толгойн дараалал бүхий жагсаалт, ингэхдээ тэдгээр нь хамаарагдах анги болон дэд ангийг заасан байна.
(iii) Тайлбар бичиг

4. Анги болон дэд ангийн жагсаалтыг энэхүү хэлэлцээрт хавсаргасан бөгөөд 3 дугаар зүйлийн дагуу байгуулагдсан Шинжээчдийн хороо /цаашид "Шинжээчдийн хороо" гэнэ/ түүнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 

5. Барааны цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалт ба тайлбар бичгийг 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны журмын дагуу Шинжээчдийн хороо батална.

 

6. Олон улсын ангилалд 3 дугаар зүйлд заасан журмын дагуу Шинжээчдийн хороо нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

 

 

1. a) олон улсын ангиллыг англи ба франц хэлээр үйлдэнэ.

b) Олон улсын ангиллын 5 дугаар зүйлд заасан Чуулганаас тогтоож болох бусад хэл дээрх албан ёсны бичвэрийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагыг /цаашид "Байгууллага" гэнэ/ байгуулах Конвенцид дурдсан Оюуны өмчийн олон улсын Товчоо /цаашид "Олон улсын Товчоо" гэнэ/ сонирхогч Засгийн газартай зөвлөлдсний улмаар тогтооно.

 

Хоёрдугаар зүйл

Ангиллыг хэрэглэх ба Олон улсын ангиллын эрх зүйн хүрээ

 

1. Энэхүү хэлэлцээрт тусгагдсан шаардлагын дагуу олон улсын ангилал нь зөвхөн захиргааны шинжтэй байна. Тэгэхдээ тухайн орон бүр түүнийг зохистой гэж үзсэн эрх зүйн хүрээнд хамааруулж болно. Тухайлбал, олон улсын ангилал нь Тусгай холбооны гишүүн оронд бүтээгдэхүүний загварт олгож буй хамгаалалтын мөн чанар, хүрээний хувьд үүрэг хүлээлгэхгүй.

 

2. Тусгай холбооны гишүүн орон бүр бүтээгдэхүүний загварыг ерөнхий буюу туслах тогтолцоо болгон хэрэглэх эрхтэй.

 

3. Тусгай холбооны гишүүн орны Газар нь загвар хадгалуулах буюу бүртгүүлэх албан бичиг болон хэрэв албан ёсоор хэвлэгдсэн бол, тус хэвлэлд загвар бүхий бараанд хамаарах олон улсын ангилалын анги бюу дэд ангийн дугаарыг тусгана.

 

4. Шинжээчдийн хороо нь барааны цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалтад оруулах нэр томъёог сонгохдоо онцгой эрх агуулж болох нэр томъёог хэрэглэхээс зайлсхийх талаар тодорхой хэмжээнд анхаарна. Цагаан толгойн үсгийн заалтад аливаа үг оруулах нь тэрээр онцгой эрхэд хамаарах эсэх талаарх Шинжээчдийн хорооны саналын илэрхийлэл бус юм.

 

Гуравдугаар зүйл

Шинжээчдийн хороо

 

1. Шинжээчдийн хороо нь 1 дүгээр зүйлийн 4, 5 ба 6 дахь хэсэгт заасан үүрэг даалгавар авна. Тусгай холбооны гишүүн орон бүр оролцогч орнуудын ердийн олонхиор баталсан үйл ажиллагааны журмын дагуу зохион байгуулах Шинжээчдийн хороонд төлөөлөлтэй байна.

 

2. Шинжээчдийн хороо нь Тусгай холбооны гишүүн орнуудын ердийн олонхийн саналаар цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалт ба тайлбар бичгийг батална.

 

3. Тусгай холбооны аливаа гишүүн орны Газар, эсвэл Олон улсын товчоо нь олон улсын ангиалалд нэмэлт, өөрчлөлт оруулах санал өгч болно. Газар нь гарч буй аливаа саналын талаар олон улсын товчоонд мэдэгдэнэ. Олон улсын товчоо нь газрын болон өөрийн саналын талаар түүнийг хэлэлцэх Хорооны хуралдаан эхлэхээс хоёр сарын өмнө Шинжээчдийн хорооны гишүүдэд тараана.

 

4. Олон улсын ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Шинжээчдийн хорооны шийдвэрийг Тусгай холбооны гишүүн орнуудын ердийн олонхиор батална. Хэрэв дээрх шийдвэрээр шинэ анги бий болгох буюу эсвэл барааг нэг ангиас нөгөөд шилжүүлэх бол нэгдсэн санал шаардлагатай.

 

5. Шинжээч бүр шуудангаар санал өгөх эрхтэй.

 

6. Хэрэв аливаа орон Шинжээчдийн хорооны тухайн хуралдаанд төлөөлөгч томилоогүй, эсвэл томилогдсон шинжээч нь хуралдааны үеэр буюу Шинжээчдийн хорооны үйл ажиллагааны журмаар тогтоосон хугацаанд өөрийн саналаа өгөөгүй бол, тухайн орныг Хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

Дөрөвдүгээр зүйл

Мэдэгдэл, ангилал болон түүний нэмэлт өөрчлөлтийг хэвлэн нийтлэх

 

1. Олон улсын товчоо нь Шинжээчдийн хороогоор баталсан барааны цагаан толгойн үсгийн дараалал бүхий жагсаалт ба тайлбар бичиг болон Хороогоор шийдвэрлэсэн олон улсын ангилалд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлтийг Тусгай холбооны орнуудын Газруудад хүргүүлнэ. Шинжээчдийн хорооны шийдвэр нь мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр болно. Хэрэв дээрх шийдвэрээр шинэ анги бий болгох буюу барааг нэг ангиас нөгөөд шилжүүлэх бол, тэр нь дээрх мэдэгдэл хүлээн авсан өдрөөс зургаан сарын хугацаанд хүчин төгөлдөр болно.

 

2. Олон улсын товчоо нь олон улсын ангиллын хадгалагчийн хувьд, хүчин төгөлдөр болсон нэмэлт, өөрчлөлтийг тус ангилалд оруулна. Нэмэлт, өөрчлөлтийг зарлахдаа Чуулганаар тогтоосон хэвлэлд нийтэлнэ.

 

Тавдугаар зүйл

Тусгай холбооны чуулган

 

1. а) Тусгай холбоо нь Тусгай холбоонд нэгдсэн

орнуудаас бүрдсэн Чуулгантай байна.

b) Тусгай холбооны гишүүн орон бүрийн Засгийн газрыг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэр нь орлогч, зөвлөх, шинжээч нартай байна.

c) Төлөөлөгчдийн зардлыг түүнийг томилсон засгийн газар хариуцна.

 

2. a) 3 дугаар зүйлийн заалтын дагуу Чуулган нь:

(i) Тусгай холбоог удирдах, хөгжүүлэх болон энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх бүх асуудлыг эрхлэх;

(ii) дахин хянан үзэх бага хуралд бэлтгэхтэй холбоотой асуудлаар Олон улсын товчоонд чиглэл өгөх;

(iii) Тусгай холбооны талаарх байгууллагын Ерөнхий захирлын /цаашид "Ерөнхий захирал" гэнэ/ илтгэл, үйл ажиллагааг дахин хянах, батлах, Тусгай холбооны эрх хэмжээнд багтах аливаа асуудлаар түүнд зааварчлах;

(iv) тусгай холбооны хөтөлбөр тодорхойлох ба төсвийг батлах, санхүүгийн тайланг хэлэлцэн сайшаах,

(v) тусгай холбооны санхүүгийн журмыг батлах;

(vi) англи ба франц хэлнээс бусад хэл дээрх олон улсын ангиллын албан ёсны бичвэрийг тогтоох асуудлыг шийдвэрлэх;

(vii) Тусгай холбооны зорилтыг хэрэгжүүлэхэд чухал гэж үзвэл 3 дугаар зүйлийн дагуу байгуулсан Шинжээчдийн хорооноос гадна шинжээчдийн бусад хороо, ажлын хэсгүүдийг байгуулах;

(viii) Тусгай холбооны гишүүн бус ямар орон, засгийн газар хоорондын байгууллага, засгийн газрын бус байгууллага уулзалтуудад ажиглагчаар оролцохыг тодорхойлох;

(ix) 5­8 дугаар зүйлүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах;

(x) Тусгай холбооны зорилгыг хэрэгжүүлэхийн тулд холбогдох аливаа бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх,

(xi) энэхүү хэлэлцээрээр түүнд хүлээлгэсэн бусад бүх үүргийг хэрэгжүүлэх.

b) Чуулган нь байгууллагаас удирдаж байдаг бусад холбоодын сонирхох асуудлаар Байгууллагын Зохицуулах хорооны саналтай танилцсаны дараа шийдвэр гаргана.

 

3. а) Чуулганы гишүүн орон нэг санал өгнө.

b) Чуулганы гишүүн орнуудын тэн хагас байвал санал

хураана.

c) b) -гийн заалтыг үл харгалзан хэрэв ямар нэг хуралдаан дээр төлөөлөх орнуудын тоо тэн хагасаас бага байх боловч Чуулганы гишүүн орнуудын гуравны нэгтэй тэнцүү буюу илүү байвал Чуулган шийдвэр гаргана. Тэгэхдээ чуулганы өөрийн нь үйл ажиллагаанд хамаарах шийдвэрээс бусад шийдвэр нь дараах нөхцөл бүрдсэн үед биелүүлэх шийдвэр болно. Олон улсын товчоо нь Чуулганы хуралдаанд оролцоогүй орнуудад шийдвэрийг явуулж, уг шийдвэрийн талаар саналаа буюу түдгэлзэж байгаагаа шийдвэрийг тийнхүү явуулснаас хойш 3 сарын хугацаанд бичгээр ирүүлэхийг мэдэгдэнэ. Хэрэв энэ хугацаа дуусах үед шийдвэрийг баталсан буюу түтгэлзсэн орны тоо Чуулганд санал хураахад дутаж байсан орны тоонд хүрсэн тохиолдолд уг шийдвэр шаардагдах олонхиор хүчин төгөлдөр болно.

d) Чуулган нь 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтын дагуу гарсан гуравны хоёрын олонхийн саналаар шийдвэр гаргана.

e) Түтгэлзснийг санал өгсөнд тооцохгүй

f) Нэг төлөөлөгч нэг орныг төлөөлж зөвхөн түүний өмнөөс саналаа өгнө.

 

4. а) Чуулганы ээлжит хуралдан онцгой тохиолдол

гараагүй бол Ерөнхий захирлын зарласнаар хоёр жилд нэг удаа Байгууллагын Ерөнхий Чуулган хуралддаг тэр үед мөн тэр байранд чуулна.

b) Чуулганы гишүүн орнуудын дөрөвний нэгийн хүсэлтээр Ерөнхий захирал Чуулганы ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж болно.

с) Ерөнхий захирал хуралдаан бүрийн хэлэлцэх асуудлыг бэлтгэнэ.

 

5. Чуулган нь асуудал хэлэлцэх журам, дотоод дүрмээ боловсруулан батална.

 

Зургаадугаар зүйл

Олон улсын товчоо

 

1. а) Тусгай холбооны захиргааны асуудлыг Олон улсын

товчоо эрхэлнэ.

b) Олон улсын товчоо нь уулзалт, хуралдаанд бэлтгэх ба тухайлбал Чуулганы болон Шинжээчдийн хороо, ажлын хэсгүүдийн нарийн бичгийн дарга нарын газрын үүрэг гүйцэтгэнэ.

c) Ерөнхий захирал нь Тусгай холбооны дээд удирдлага бөгөөд Тусгай холбоог төлөөлнө.

 

2. Ерөнхий захирал ба түүний томилсон ажилтан Чуулган, Шинжээчдийн хорооны болоод ажлын хэсгүүдийн хуралданд таслах эрхгүй оролцох ба Ерөнхий захирал, түүний томилсон ажилтан нь албан үүргийнхээ дагуу эдгээр хуралдааны нарийн бичгийн дарга байна.

 

3. а) Олон улсын товчоо нь Чуулганы журмын дагуу

хэлэлцээрийн 5­8 дугаар зүйлээс бусад заалтуудыг дахин хянах бага хуралд бэлтгэх ажлыг зохион байгуулна.

b) Олон улсын товчоо нь дахин хянах бага хуралд бэлтгэх асуудлаар засгийн газар хоорондын ба олон улсын засгийн газрын бус байгууллагуудтай зөвлөлдөж болно.

с) Ерөнхий захирал, түүний томилсон хүмүүс эдгээр бага хурлуудаар асуудал хэлэлцэхэд таслах эрхгүй оролцоно.

 

4. Олон улсын товчоо нь түүнд даалгасан бусад үүргийг хэрэгжүүлнэ.

 

Долоодугаар зүйл

Санхүү

 

1. a) Тусгай холбоо нь төсөвтэй байна.

b) Тусгай холбооны төсөвт Тусгай холбооны өөрийн нь орлого, зарлага, түүний төсвийн нийт Холбоодод хамаарагдах татвар, мөн зохих тохиолдолд Байгууллагын Бага хурлын төсөвт орох шимтгэл багтана.

c) Нийт Холбоодод хамаарах зарлага гэдэгт зөвхөн Тусгай холбоонд хамаатай бус, мөн захиргааны үүргийг нь Байгууллага гүйцэтгэдэг тийм бусад нэг буюу хэд хэдэн холбоод хамаарах зарлагыг ойлгоно. Эдгээр нийтлэг зарлагад Тусгай холбооны хувь нь тус зарлага дахь түүний сонирхолын хэмжээний дагуу байна.

 

2. Тусгай холбооны төсвийг захиргааны үүргийг нь Байгууллага гүйцэтгэдэг бусад Холбоодын төсөвтэй зохицуулах шаардлагыг харгалзан хийнэ.

 

3. Тусгай холбооны төсөв нь дор дурдсан эх үүсвэрээс санхүүжинэ.

(i) Тусгай холбооны гишүүдийн хандив,

(ii) Тусгай холбоонд хамаарах Олон улсын товчооноос үзүүлж буй ажил үйлчилгээний хөлс, хураамж,

(iii) Тусгай холбоонд хамаарах Олон улсын товчооны хэвлэлийг худалдсанаас олсон болон холбогдох бусад орлого,

(iv) бэлэг, гэрээсэлж үлдээсэн өв, хөрөнгө, тэтгэмж хандив,

(v) түрээс, зээлийн хүү, бусад орлого,

 

4. а) 3 дах хэсгийн 1-т заасан татварыг тогтоох зорилгоор Тусгай холбооны гишүүн бүр Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийнхтэй адил нэг ангид хамаарах ба тэр Холбоонд тухайн ангид тогтоосон хэмжээгээр жилийн татвараа төлнө.

b) Тусгай холбооны гишүүн бүрийн жилийн татварын хэмжээг тогтоохдоо гишүүн орнуудаас Тусгай холбоонд өөрийн ангийн дагуу төлөх нийт төсөвт харьцуулснаар тогтооно.

c) Татварыг жил бүрийн нэгдүгээр сарын 1-д төлсөн байна.

d) Хэрэв гишүүн өмнөх хоёр жилийн татвартай тэнцэх хэмжээний өртэй бол Тусгай холбооны аливаа газарт санал өгөх эрхгүй болно. Тэгэхдээ тухайн орон тодорхой хүндэтгэн үзэх шалтгаанаар татвараа төлж чадахгүй байгаа бол Тусгай холбооны аливаа газар уг орныг санал өгөх эрхээ эдлэхийг зөвшөөрч болно.

е) Хэрэв санхүүгийн шинэ жилийн өмнө төсвөө баталж амжаагүй бол тус төсвийг санхүүгийн журмын дагуу өмнөх жилийн төсөвтэй адилаар тооцно.

 

5. Тухайн Тусгай холбооны хувьд Олон улсын товчооноос үзүүлж байгаа ажил үйлчилгээний хөлсийг Ерөнхий захирал тогтоож Чуулганд илтгэнэ.

6. a) Тусгай холбоо нь өөрийн гишүүн орноос өгөх нэг удаагийн төлбөрөөс бүрдэх эргэлтийн хөрөнгөтэй байна. Хэрэв сангийн хэмжээ хүрэлцэхгүй болбол Чуулган түүнийг нэмэгдүүлэх шийд гаргана.

 

b) Дээрх санд гишүүн бүрийн төлөх анхны төлбөрийн хэмжээ болон түүнийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нь тус сан байгуулагдсан жилд болон түүнийг нэмэгдүүлэх шийд гарсан жилд тухайн гишүүнээс оруулсан хувь нэмэртэй хир тэнцүү байна.

c) Төлбөрийн харьцаа болон хугацааг Ерөнхий захирлын санал болон байгууллагын Зохицуулах хорооны зөвлөгөөг сонссоны дараа Чуулганаас тогтооно.

7. а) Байгууллага өөрийн төвийг газар нутаг дээр нь

байршуулсан тэр оронтой байгуулсан тухай хэлэлцээрт хэрэв эргэлтийн хөрөнгийн сан хүрэлцэхгүй болсон нөхцөлд уг орон урьдчилгаа өгнө гэж тусгана. Энэ урьдчилгааны хэмжээ болон олгох нөхцлийн талаар тэр орон, Байгууллага хоёр тухай бүр хоорондоо тусгай хэлэлцээр байгуулна.

b) a) -д заасан орон болон Байгууллага нь урьдчилгаа олгох, авах тухай үүргээ цуцлах талаар бичгээр мэдэгдэх эрхтэй. Цуцлалт нь мэдэгдэл хийсэн жил дууссанаас хойш 3 жилийн дараа хүчин төгөлдөр болно.

 

8. Санхүүгийн шалгалтыг санхүүгийн журманд зааснаар Тусгай холбооны нэг буюу түүнээс дээш орон, эсвэл хөндлөнгийн байцаагч нар хийж гүйцэтгэнэ. Тэднийг өөрсдийн нь зөвшөөрснөөр Чуулганаас томилно.

 

Наймдугаар зүйл
5-8 дугаар зүйлүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах

 

1. 5, 6, 7 дугаар зүйл болон энэхүү зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Чуулганы аль ч гишүүн орон буюу Ерөнхий захирал гаргаж болно. Ийм саналыг гишүүн Тусгай холбооны гишүүн орнуудад Ерөнхий захирал наанадаж Чуулганаар хэлэлцэхээс наад зах нь 6 сарын өмнө мэдэгдсэн байна.

 

2. 1 дэх хэсэгт заасан зүйлүүдэд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг Чуулган батална. Ийнхүү батлахад дөрөвний гурвын олонхийн саналаар шаардагдах бөгөөд 5 дугаар зүйл ба энэхүү хэсэгт оруулах аливаа нэмэлт, өөрчлөлтийг тавны дөрвийн олонхийн саналаар батална.

 

3. 1 дэх хэсэгт заасан зүйлүүдэд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлт нь орон бүрийн үндсэн хуулийн журмын дагуу баталсан тухай бичгээр өгсөн мэдэгдлийг нэмэлт, өөрчлөлтийг батлах үед Тусгай холбооны гишүүн байсан орнуудын дөрөвний гурваас нь Ерөнхий захирал хүлээн авснаас хойш нэг сарын дараа хүчин төгөлдөр болно. Ийнхүү батлагдсан аливаа нэмэлт, өөрчлөлтийг түүнийг батлах үед гишүүн байсан буюу түүнээс хойш гишүүн болсон орнууд хэрэгжүүлэх үүрэг хүлээх ба харин санхүүгийн үүргийг нэмэгдүүлж буй аливаа нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн түүнийг хүлээн зөвшөөрсөн орнууд хэрэгжүүлнэ.

 

Есдүгээр зүйл

Хэлэлцээрт нэгдэн орох, батламжлах, хүчин төгөлдөр болох

 

1. Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурсан, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн Конвенцийн гишүүн аливаа орон түүнийг батламжилж болох бөгөөд гарын үсэг зураагүй орны хувьд түүнд нэгдэн орж болно.

2. Батламжилсан буюу нэгдэн орсон тухай бичгийг Ерөнхий захиралд хадгалуулахаар өгнө.

3. а) Батламжилсан буюу нэгдэн орсон тухай бичгийг

хадгалуулахаар өгсөн эхний таван орны хувьд, тав дахь орны бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 3 сарын дараа энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болно.

Аливаа бусад орны хувьд энэхүү хэлэлцээр нь хэрэв батламжилсан буюу нэгдэн орсон тухай бичигт өөр хугацаа заагаагүй бол батламжилсан буюу нэгдэн орсон тухай Ерөнхий захирал мэдэгдэл хийсэн өдрөөс хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр болно. Хугацаа заасан тохиолдолд энэхүү хэлэлцээр нь тухайн орны хувьд уг заасан хугацаанд хүчин төгөлдөр болно.

 

4). Батламжилсан буюу нэгдэн орсноор энэхүү хэлэлцээрийн бүх заалтыг шууд хэрэгжүүлэх үүрэг хүлээх бөгөөд мөн давуутай талыг эдлэх болно.

 

Аравдугаар зүйл

Хэлэлцээр хүчин төгөлдөр байх хугацаа

 

Энэхүү хэлэлцээр нь Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн Конвенцийн нэгэн адил хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэнэ.

 

Арваннэгдүгээр зүйл

1-4, 9-15 дугаар зүйлүүдийг дахин хянах, боловсронгуй болгох

1. Энэхүү хэлэлцээрийн 1-4 ба 9-15 дугаар зүйлүүдийг боловсронгуй

болгох зорилгоор дахин хянаж болно.

2. Ийнхүү дахин хянах бүрт Тусгай холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн бага хурлаар авч үзнэ.

Арванхоёрдугаар зүйл

Хэлэлцээрийг цуцлах

1. Аливаа орон Ерөнхий захиралд мэдэгдэл өгөх замаар энэхүү хэлэлцээрийг цуцалж болно. Энэхүү хэлэлцээрийг цуцалсан нь зөвхөн тухайн оронд хамаарах бөгөөд Тусгай холбооны бусад орны хувьд хэлэлцээр нь хүчинтэй хэвээр үлдэнэ.

2. Цуцлалт нь Ерөнхий захирал мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

3. Энэ зүйлийн дагуу олгосон цуцлах эрхийг Тусгай холбооны гишүүн болсон өдрөөс хойш таван жилийн хугацаанд ямар ч орон эдлэхгүй.

Арвангуравдугаар зүйл
Нутаг дэвсгэр

Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн конвенцийн 24 дүгээр зүйлийн заалт энэхүү хэлэлцээрт хамаарах болно.

Арвандөрөвдүгээр зүйл

Гарын үсэг зурах, хэл, мэдэгдэл

1. а) Энэхүү хэлэлцээрийн англи, франц хэл дээрх нэг хувь дээр

гарын үсэг зурж хоёр бичвэр адил хүчин төгөлдөр эх болох бөгөөд түүнийг Швейцарийн Засгийн газарт хадгалуулахаар өгнө.

b) Энэхүү хэлэлцээр нь 1969 оны 6 дугаар сарын 30 хүртэл Бернд гарын үсэг зурахад нээлттэй байна.

2. Албан ёсны эх бичвэрийг Ерөнхий захирал сонирхогч Засгийн газартай зөвлөлдсний улмаас Чуулганаар тогтоож өгсөн бусад хэл дээр гаргана.

3. Ерөнхий захирал энэхүү хэлэлцээрийн гарын үсэг зурсан эх бичвэрийн 2 хувийг Швейцарййн Засгийн газраар баталгаажуулан түүнд гарын үсэг зурсан бүх орны засгийн газарт, хэрэв хүсвэл бусад аль ч орны засгийн газарт явуулна.

4. Ерөнхий захирал нь энэхүү хэлэлцээрийн Нэгдсэн үндэстний байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт бүртгүүлнэ.

5. Ерөнхий захирал нь Тусгай холбооны бүх орны засгийн газарт гарын үсэг зурсан тухай болон батламжилсан буюу нэгдэн орсон тухай бичгийг хадгалуулахаар өгсөн тухай, хэлэлцээрийн хүчин төгөлдөр болсон тухай, хэлэлцээртнэмэлт, өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрсөн тухай, нэмэлт өөрчлөлт орсон он, сар, өдрийн тухай, цуцалсан тухай мэдэгдлийн талаар тус тус мэдэгдэнэ.

Арван тавдугаар зүйл

Шилжилтийн заалт хүлээн авах тухай

1. Анхны Ерөнхий захирлыг албан тушаал хүлээн авах хүртэл энэхүү хэлэлцээрт Байгууллагын Олон улсын товчоо буюу Ерөнхий захирлыг иш татаж заасан нь Оюуны өмчийг хамгаалах олон улсын нэгдсэн товчоо буюу түүний Захиралд хамаарагдах гэдгээр ойлгоно.

IPOM Publish

Indestrial Property Office

IPOM e-Filing System

Enternet

MGS

Бараа үйлчилгээний менежер

Мэдээлэл сэтгүүл

Оюуны өмч

Холбогдох

210646 Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49,
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 4 давхар,
Утас: 32-76-38, 32-92-73, 32-96-71, 31-64-54

И-мэйл илгээх

Вэб холбоос

Copyright © 2018